Барилгын материал ханган нийлүүлэгчдийн зөвлөл” ТББ-ын тэргүүн, “Барилгачин” группын үүсгэн байгуулагч Г.Батсүхтэй ярилцлаа.
-Барилгын ид улирал эхэлсэн байна. Энэ жил барилгын салбарыг том зургаар нь харвал ямар давуу тал, боломж болон хүндрэл бэрхшээл ажиглагдаж байна вэ?
-Энэ жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон ипотекийн зээлийн нийлүүлэлтийг харахад барилгын салбар нэлээн хөдөлгөөнтэй байхаар харагдсан. Улсын төсвөөр баригдах сургууль, цэцэрлэг, зам гүүр, дэд бүтцийн зэрэг ажлуудыг улсын төсвийн нийт 3,8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийхээр төсөвлөсөн нь түүхэнд байгаагүй өндөр дүн. Мөн Баялгийн сандаа 1,2 их наяд төгрөг байршуулаад үүнийгээ ипотекийн зээл рүү оруулахаар болсон нь барилгын салбарыг хөдөлгөх томоохон хөшүүрэг болно. Яг бодит байдал дээр харахад харин барилгын салбарт тийм огцом өсөлт ажиглагдахгүй байна. Тавдугаар сар шувтарч байхад барилгууд төдийлэн бүрэн эхэлсэнгүй төлөвтэй.
-Шалтгаан нь юу байна вэ?
-Нэг талаасаа төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжуудын тендерүүд нь зарлагдаж дуусаагүйтай холбоотой. Хоёрдугаарт ипотекийн зээл төдийлэн сайн гарахгүй байх шиг байна. Тулгамдаж буй асуудлын тухайд барилгын салбарын хүний нөөцийн талаар бид ярих цаг нь болжээ. Бид ажиллах хүчний хомсдолд орсон. Гаднаас ажиллах хүч авъя гэхээр визний асуудал удааширдгаас гадна татвар хураамж, энд байлгах зардал зэргээс эхлээд хүндрэлтэй зүйлс олон. Монгол шиг барилгын богинохон улиралтай оронд хүний нөөцийн дутагдалд орно гэдэг хаа хаанаа хүндрэлтэй.
-Барилгын түүхий эд, бараа материалын нийлүүлэлт, хангамжийн талаас хэр байна вэ?
-Ковидын хүнд үетэй харьцуулахад тээврийн саатал, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хувьд асуудал бараг үгүй гэж хэлж болно. Замын-Үүдийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлсэн нь эерэг нөлөө үзүүлж байна. Тэр хэрээр тээврийн зардал ч хэвийн байгаа.
-Ойрын хэдэн жил барилгын салбар эрчимтэй байх нь тодорхой байна. Гэтэл манай улсын хувьд түүхий эд, бараа материал талаасаа импортоос хараат хэвээрээ байдаг. Энэ нь эргээд салбартаа, цаашлаад нийт эдийн засагт ер нь ямархуу байдлаар нөлөөлнө гэж та хардаг вэ?
-Монгол Улс өнөөдөр барилгын материалын хэрэгцээнийхээ 36 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн 64 хувийг нь импортоор авч байна. Барилгын материалын үйлдвэрлэлийг харах юм бол гол түүхий эдүүд нь дотооддоо байдаг, тэдгээрийгээ түшиглэсэн үйлдвэрүүд нь өрсөлдөх чадвартай, орчин үеийн болж хөгжиж байгаа. Ялангуяа цемент, бетон эдлэл, тоосго, блок гээд голлох материалуудаа дотоодоосоо хангаж чадаж байгаа нь том давуу тал. Харин хаалга, цонхны түүхий эд, бусад засал чимэглэл, сантехник цахилгааны материал, тоног, төхөөрөмж, техник хэрэгслүүдийг 100 хувь шахам импортоор авч байгаа нь манайх шиг жижиг орны сул тал л даа. Дотоодоо үйлдвэрлээд, ашигтай ажиллах боломж, үр ашиг нь бага. Барилгын сезон өөрөө их богинохон гэдэг нь голлон нөлөөлж байна, бас.
-Дотооддоо үйлдвэрлэж буй 36 хувийн дийлэнхийг цементийн үйлдвэрлэл эзэлж байгаа. Саяхан Засгийн газраас цементийн импортын татварыг 5 хувь болгож бууруулах шийдвэр гаргалаа. Үндэсний хэдэн үйлдвэрээ боож байгаа юм шиг шийдвэр гарсанд салбарынхан их гайхаж байна лээ.
-Цемент бол барилгын үндсэн, гол түүхий эд. Барилгын талх гэж нэрлэдэг цементээ дотооддоо үйлдвэрлэнээ гэдэг бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Барилгын чанар, аюулгүй байдалд хамгийн чухлаар нөлөөлөх эд шүү дээ.
Ялангуяа сүүлийн үед ашиглалтад орсон дотоодын цементийн томоохон үйлдвэрүүд маань хамгийн орчин үеийн техник технологи, ноу- хауг нэвтрүүлж, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл явуулж байгаа нь сайн хэрэг. Барилгын салбарт маш том дэвшил, давуу талуудыг авчирсан.
Тийм ч учраас үндэсний үйлдвэрүүдийнхээ зах зээлийг хамгаалахын тулд зарим гол нэийн бүтээгдэхүүн дээр импортын татвар нэмэх бодлого барьж ирсэн. Гэтэл цементийн импортын татвар 20 хувь байсныг 5 хувь болгож бууруулах шийдвэр гарсан байна. Үүнийг би улстөрийн шийдвэр боллоо доо гэж харсан.
Хэнд ашигтай байх вэ гэдэг талаас харвал цементийн импортын татварыг бууруулснаар хямд үнэтэй цемент орж ирэх, энэ нь барилга барьж байгаа хүмүүст ашигтай мэт харагдах байх. Гэвч энэ нь Улаанбаатарт баригдаж байгаа барилгуудад нөлөөлж чадахгүй гэж би харж байгаа.
Хилийн ойролцоох аймаг, сумдад машинаар тээвэрлэн хүргэхэд хямд үнийн зөрүү бага сага ажиглагдаж болно. Харин төмөр замын ачаалал өндөр байгаа энэ үед Улаанбаатарт баригдаж буй томоохон дэд бүтцийн ажлуудын төсөвт өртөг, цаашлаад орон сууцны үнэд нөлөөлж чадахгүй.
Харин энэ шийдвэр дотоодын үйлдвэрлэгчдэд хүндээр нөлөөлөх нь гарцаагүй.
-Түүхий эд, тээвэр, хүний нөөцийн зардлаас эхлээд сүүлийн жилүүдэд бүх зүйлийн үнэ өссөн. Ийм учраас үнээ буулгах боломж маш хүндрэлтэй байгааг үндэсний үйлдвэрлэгчид ярьсаар ирсэн. Гэтэл импортын татварыг буулгаж, дотоодын цемент үйлдвэрлэгчдийг буланд шахаж байгаа нь анхаарал татаж байна л даа.
-Улстөрийн зорилготой, хуймгай шийдвэр боллоо гэж би харж байна. Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, бодлогоор дэмжих талаас нь харахад буруу шийдвэр болсон болов уу. Гаалийн татвар тогтоочихсон олон бараа, таваар бий. Яагаад цементийг онцгойлон татварыг буулгасныг гайхаж байна.
Монголд түүхий эдийн үнэ өсчихсөн, ажиллах хүчний зардал нэмэгдсэн, цементийн үйлдвэрүүд дийлэнх нь орон нутагт байдагтай холбоотой нэмэлт зардлуудыг харахад хүндрэлтэй байгаа нь тодорхой.
Төгрөгөөр тооцохоор өссөн харагдана. Яагаад гэвэл ханш унасан болохоор тэр. Бодлого тодорхойлж, шийдвэр гаргаж байгаа хүмүүс энэ талаас нь хараасай гэж хүсэж байна.
Саяхныг хүртэл бид цементийн хэрэгцээнийхээ 80-90 хувийг импортоор авдаг байсан. Сайн муу, чанартай чанаргүй янз бүрийн цемент орж ирнэ. Гэтэл өдгөө үндэсний үйлдвэрүүд орчин үеийн технологийн дагуу, чанартай цемент үйлдвэрлэж, олон ажлын байр бий болгож, ашиглагдахгүй байсан түгээмэл тархацтай ашигт малтмалуудыг эргэлтэд оруулж байгаа нь үнэлүүштэй хэрэг шүү дээ.
Ер нь өнгөрсөн жилээс эхлээд үндэсний цементийн үйлдвэрүүд рүү зохион байгуулалттай гэмээр нэр хүндийг нь харлуулах, дарамт шахалт учруулах улмаар импортын цементийн татварыг тэглэх, бууруулах зэрэг шийдвэрүүдийг гаргаад байгаа нь тун хачирхалтай. Монполимет рүү сүүлийн үед хууль хяналтын байгууллагууд ээлж дараатай ажиллагаа явуулах, төрийн давхардсан шалгалтуудыг оруулах, үйлдвэрүүдийг нь зогсоох, төмөр замын тээврийг хааж боох зэрэг үйлдлүүд нилээд явж байна. МҮХАҮТ тэргүүтэй бүх олон улсын худалдааны танхимууд, ассоциацууд үүний эсрэг дуу хоолойгоо хүргэсээр байгааг бид бүгд харж байгаа. Энэ цаанаа юу хэлээд байна вэ гэдгийг бид анхаарах ёстой. Байгаа хэдхэн үйлдвэрүүдээ татан унагаах бодлого биш биз? Яг энэ үед импортын цемент өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 дахин их хэмжээтэй тасралтгүй идэвхижин орж ирж байгаа нь (2023 оны 5 сард 20577 тонн, 2024 оны 5 сард 63563 тонн) үндэсний үйлдвэрүүдийг биш импортын цементийг дэмжсэн бодлого явуулж байгаа мэт харагдаж байна. Уг нь цемент бол стратегийн бүтээгдэхүүн, үүнийг дотооддоо үйлдвэрлэж чадаж байна гэдэг чинь бид эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлж байгаа хэрэг.
-Цементийн чанарын тухай бид онцгойлон ярих хэрэгтэй болдог. Яах аргагүй барилгын гол түүхий эд учраас хямд гээд чанаргүй, баталгаагүйг нь ашиглах боломжгүй, тэр хэрээр эрсдэл үүснэ. Ер нь дотоодын цементийн чанарын тухай та юу хэлэх вэ?
-Манай улс барилгын материалын чанар, аюулгүй байдлын тухай хууль дүрэмдээ маш сайн зааж өгсөн. Тэр хэрээр дотоодод үйлдвэрлэж байгаа бараа, бүтээгдэхүүнд маш өндөр шаардлага тавьдаг. Тохирлын гэрчилгээ, лабораторийн шинжилгээ, хяналт, шалгалтууд тогтмол явдаг. Манай дотоодын цементийн чанар олон улсын жишигт хүрчихсэн шүү дээ. Дээр нь буух эзэн, буцах хаягтай. Харин импортын барилгын материал дээр бол ямар ч хяналт шалгалт байдаггүй, эрсдэл багатай бүтээгдэхүүн гэж үзээд гаалийн шалгалт маш сул хийгддэг.
Үүнээсээ болооод, ялангуяа манай урд хөршөөс чанар стандартын шаардлага хангахгүй, хулхи хуурамч барилгын материал маш их орж ирдэг. Жирийн үзэгдэл шиг л болсон.
Барилгын аюулгүй байдалтай шууд холбоотой нь арматур, бетон хоёр. Үүний гол түүхий эд болдог цементээ хянаж чадахгүй байна гэхээр эргээд бид яах вэ. Газар хөдлөлт, байгалийн гамшгаас үүдэн нурах эрсдлүүдэд ч хамгийн гол нөлөөтэй. Тэгэхээх стратегийн гол түүхий эд, бараа материалын чанар аюулгүй байдлын хяналт шалгалтыг маш сайн хийх ёстой.
-Барилгын салбарын мэргэжилтний хувьд энэ салбарт зайлшгүй үгүйлэгдэж буй бодлогын чанартай санал юу байна вэ?
-Барилгын салбарт хууль, эрх зүйн шинэчлэлт хийх цаг нь болсон гэж би боддог. Шинэчлэл хийж, дээр нь гаргасан хууль, дүрмүүдээ хэрэгжүүлдэг байх хэрэгтэй байна. Өдгөө барилгын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм, дүрмүүд шинэ цагийн шаардлагад нийцэхгүй, хоцрогдсон зүйлс цөөнгүй бий.
Дээр нь барилгын салбарын боловсон хүчний бодлого гэдэг зүйл үгүй болсноор материалын үйлдвэрлэлийн технологич, технологи, инженерүүд, мэргэжлийн ажилчдын дутмагдалд орсон. Ихэнх залуус маань гадагшаа явчихлаа. Хүмүүс барилгын мэргэжлийг их тийм дорд, муу мэргэжил гэж үздэг болсон байна. Гэтэл бид айсуй бүтээн байгуулалтаа хэнээр хийлгэх вэ. Энэ том салбартын залгамж халаа, хөгжлийг хэнд даатгах вэ гэдгийг өнөөдөр ярих цаг нь болсон байсан.
Эх сурвалж: gogo.mn
Сэтгэгдэл үлдээх