Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг улираан томиллоо

Ц.Чимэдцэеэ
2024-07-05

Олонх болсон МАН-аас Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг улираан томилуулахаар нэр дэвшүүлж, өнөөдөр (2024.07.05) Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн мэдүүлсэн. Улмаар Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулав.

Чуулганд оролцсон 104 гишүүнээс 103 гишүүн дэмжсэнээр Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ЕС-д хандан Сонгуулиар МАН-аас олон нийт рүү чиглэсэн PR нь авлигатай тэмцэж, хүний өөрийн гэлтгүй хариуцлага тооцно гэж байсан. 2019 оны ҮХ-ийн өөрчлөлтөөр АТГ одоо Засгийн газрын харьяа байгаа. АТГ-ын хэрэгжүүлдэг хөрөнгө орлогын мэдүүлэг болон соён гэгээрүүлэх чиг үүрэг бол парламентын хяналтын гол чиг үүрэг. Гэтэл одоогоор АТГ-ыг дагаад Засгийн газрын чиг үүрэг болсон. Эдгээр чиг үүргийг ЗГ-аас салгаж, парламентын чиг үүрэгт авах ёстой. Одоогийн байдлаар мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллага соён гэгээрүүлэх нэртэй хэвлэлд мэдээлэл өгдөг байгууллага л боллоо. Гэтэл шүүх дээр хэрэг нь очихоороо мөрдөн шалгах чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйн улмаас бүрдүүлбэр хангаагүй унах жишээтэй.  Энэ шинэтгэл хийх үйл явцад бүү саад болоорой. Тэгвэл авлигатай тэмцэх газар үйл явц илүү бодитой болно шүү хэмээн хэлсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн П.Наранбаяр Төрийн албаны нөөцийн ашиглалт 38 хувьтай байна. 2012 онд 9 байсан яам өнөөдөр 16 болоод нэмэгдчихээд байж байна. Агентлагууд 39 болсон байна. Нийт төрийн албан хаагч 226 мянга буюу хөдөлмөрийн зах зээлийн 18.2 хувь. Өссөөр байна. Энэ чиглэлд ЕС төрийн албыг цомхон чадварлаг болгох тал дээр юу хийх вэ? гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Тэмүүжин гишүүний хэлсэн зүйлд үзэл санааны хувьд хамтарч ажиллана. Төрийн албаны бүтцэд реформ хийнэ. Салбар хариуцсан эрхэлсэн сайдтай байдаг Шинэ Зеланд, Сингапур зэрэг улсын загварт орвол сайн. Төрийн албаны данхар бүтэц 30 орчим хувиар буурна. Агентлаг багасна. Эрх мэдэлгүй, төсөвгүй албан тушаалтан буюу дэд сайдуудыг яаж байхгүй болгох уу. Хамтраад ажиллана зэргээр хариулав.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe