Ес дэх удаагийн УИХ-ын анхдугаар чуулган үргэлжилж байна.
Хуралдаан өнөөдөр (2024.07.09) 08 цаг 10 минутад 75 гишүүн буюу 59.5 хувийн ирцтэй эхэлсэн.
Хэлэлцэх асуудлын хүрээнд 3асгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 89.7 хувь нь дэмжлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд 16 яам, 23 сайдаас бүрдэх Засгийн газрийн бүтцийн тухай тогтоолыг төслийг өргөн барьсан.
Хуралдаанаар зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталснаар завсарлуулсан. Завсарлагааны үеэр Байнгын хороодууд хуралдаж, даргаа сонгох тухай болон Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын Тамгын газрын ЕНБД-ыг томилох, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай зэрэг асуудлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Үргэлжлүүлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталснаар шинэ Засгийн газрын гишүүд тангараг өргөнө.
Ийнхүү өнөөдрийн хуралдаанд нийт 14 асуудлыг хэлэлцээд, анхдугаар чуулганыг хаах юм.
Сэтгэгдэл үлдээх