Ес дэх удаагийн УИХ-ын анхдугаар чуулганы сүүлийн хуралдаан 24 цаг үргэлжиллээ.
Хуралдаан 9-ний өдрийн 8 цаг 10 минутад 75 гишүүний ирцтэй эхэлж, 14 асуудал хэлэлцэн хаах тухай товыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан. Уг хурал тасралтгүй үргэлжилж, 10-ны өдрийн 8 цагт дууслаа.
Энэ үеэр зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын Тамгын газрын ЕНБД-ыг томилох, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах тухай гэх мэт асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын Тамгын газраас санал хураах, ирц бүртгүүлэх техникийн асуудлыг шийдсэн тул төхөөрөмж ашиглах тухай мэдэгдсэн.
Гэтэл хуралдааны турш төхөөрөмж гацаж, гишүүдийн дэмжсэн саналыг бүртгэхгүй байх зэрэг асуудал үүсэв. Улмаар санал нь төхөөрөмжид бүртгэгдээгүй гишүүд тусдаа протоколд тэмдэглүүлэхээр тогтсон.
Хуралдаан багагүй цаг алдаж, шөнийн 2 цагийн үед 114 гишүүний ирцтэй үргэлжилсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд төхөөрөмжийн саатлыг арилсны дараа хэлэлцсэн асуудлуудыг эхнээс нь дахин санал хураах горимын санал гарган, чуулганы танхимд маргаан дэгдээгээд амжив.
Мөн А.Ариунзаяа гишүүн төхөөрөмж ашиглахгүйгээр гараа өргөж санал өгье гэсэн горимын санал гаргасан. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат хуулийн дагуу боломжтой хэмээн тайлбар хэлэв.
УИХ-ын гишүүд уг саналыг мөн дэмжсэнээр хуралдаан дуустал гараа өргөж саналаа тооцуусан юм.
Гишүүд долоодугаар сарын 2-ны мягмар гарагт тангараг өргөснөөр бүрэн эрхийн хугацаа нь эхэлсэн. Шинэ бүрэлдэхүүн ажиллаж эхэлснээс хойш ажлын 6 өдөр өнгөрсөн ч хуралдах нөхцөл бүрэн бүрдээгүй байна.
Ийнхүү анхдугаар чуулган хаалаа. Намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нд эхэлнэ.
Сэтгэгдэл үлдээх