Сэлэнгэ аймгийн цагдаагийн 4 албан хаагч 13 настай хүүхэд хүчиндсэн гэх хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард олон нийтэд ил болсон билээ. Уг хэргийг олон нийтэд ил болсны дараа ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны тусгай субьектын хэлтэс шалгаж, прокурорын байгууллагаас зургаадугаар сарын 27-нд яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс хэргийг долоодугаар сарын 25-ны өдөр хэлэлцэн аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, жолооч байсан 26 настай этгээд 13 настай охиныг хүчиндсэн хэмээн үзэж, 12 жил хорих ял оноолоо.
Шүүгдэгч нь хохирогч охин бие бялдрын хувьд өндөр, биерхүү тул 13 настай гэж мэдээгүй, 16 настай гэж бодсон. Тиймээс 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэсэн зүйлчлэлээр хөнгөрүүлж өгөхийг хүссэн байна.
Шүүхээс баримтад үндэслэн хохирогч охиныг 16 настай гэж бодсон гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзжээ. Мөн шүүхээс ийм хэрэг гарсан нь хохирогчийн ар гэрийн хараа хяналтгүй байдлын улмаас болсон гэж үзсэн байна.
Сэтгэгдэл үлдээх