П.Орхоноос допинг илэрч, олимпод оролцох боломжгүй болсон уу?

Н.Саруулдөл
2024-08-02

“Парис 2024” олимпын наадам 7 дахь өдрөө үргэлжилж байна.

Өчигдрөөс (2024.08.01) эхлэн БНСУ-ын Yonhap агентлаг, Maeil Business newspaper хэмээх хоёр хэвлэл мэдээллийн байгууллагаар манай улсын чөлөөт бөхийн тамирчин П.Орхоноос допинг илэрсэн тул түүний оронд БНСУ-ын тамирчин И Ханбит оролцохоор болсон хэмээн мэдээллээ.

Энэ мэдээллийн мөрөөр бид Монгол Улс дахь холбогдох эх сурвалжаас тодруулахад “Шинжилгээнд орсон нь үнэн. Гэхдээ допинг илрээгүй. Худлаа мэдээлэл. Яг тэмцээний өмнө иймэрхүү худал мэдээлэл түгээх нь тамирчны сэтгэл зүйд муугаар нөлөөлнө. П.Орхоны хувьд медалийн таамагт байгаа бөх шүү дээ” гэлээ.

Парисын олимпын албан ёсны "olympics.com" цахим хуудаст тамирчдын дунд П.Орхоны мэдээлэл хэвээр байгаа ба хасагдсан, өөр тамирчнаар солигдсон тухай мэдээлэл оруулаагүй байна. Мөн МОНАДА (Монголын үндэсний допингийн эсрэг төрийн бус байгууллага)-аас тодруулахад “Бид мэдээллийг тодруулаад, эргээд мэдээлэл хийнэ” гэв.

Харин Монголын олимпын багийн гишүүн Б.Онон өөрийн цахим хуудаснаа "Энд сайтуудаар гараад байгаа шиг зүйл огт, юуууууу ч болоогүй ээ. Ямар ч асуудал алга гэдгийг дахин дахин хэлье" хэмээн нийтэлсэн байна.

Тэмцээний өмнө тамирчинтай холбоотой худал мэдээлэл гарах нь тухайн тамирчны сэтгэл зүйд хүндээр тусч, медалийн боломжоос хойш татдаг. Иймд албан ёсны эх сурвалжуудаас тодруулсан мэдээллийг хүргэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe