Хамтарсан Засгийн газар ирэх 4 жил юу хийхээр төлөвлөв

Ж.Номин
2024-08-13

Монгол Улсын Засгийн газар 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө УИХ-д өргөн барилаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бодлогын үндсэн 4 чиглэлийг тодорхойлж, тэдгээрийн хүрээнд тус бүр 4 зорилго, нийт 593 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Мөрийн хөтөлбөрт тусгасан үндсэн 4 чиглэл

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд “20 минутын хот”-ын стандартыг бий болгож, бие даасан эдийн засаг бүхий дагуул хотуудыг байгуулах, хөдөө орон нутгийг бүсчлэн, төрөлжүүлэн хөгжүүлэх юм.

Хүний хөгжлийн бодлогын хүрээнд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн баталгаа, боловсрол, эрүүл мэнд, баялгийн сан, үйлдвэрлэл, цахимжилтад тулгуурлан мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ.

Эдийн засгийн бодлогын хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, банк, санхүү, даатгал, татварын салбарын реформыг хийх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, уул уурхай, эрчим хүч, боомтын сэргэлтийг хийж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд ажиллах юм.

Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын хүрээнд хэвлэлийн эрх чөлөө, иргэний нийгэм, хувийн хэвшил, төрийн түншлэлийн хамтын ажиллагаа, шүүх засаглалыг нээлттэй болгох, авлигагүй, цахим засаглалыг бүрдүүлэх, төрийн албаны реформыг хийх, орон нутгийн засаглалыг бие даасан байдалд шилжүүлэх зэргийг онцлон тусгажээ.

Бүтээн байгуулалтын төслүүд

Тус мөрийн хөтөлбөрт үндэсний хэмжээний томоохон 149 бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нийт 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн санхүүгийн урьдчилсан тооцоо гарчээ. Тус 149 төслөөс 14 төслийг эдийн засгийг тэлэх мега төсөл хэмээн зарлалаа.

1. “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал

2. Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц

3. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц

4. Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц

5. Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр

6. Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам

7. Эрээнцав-Чойбалсан-Баруун Урт-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам

8. Монгол, Францын хамтарсан уран, атомын цахилгаан станц

9. Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор

10. Зэс боловсруулах цогцолбор

11. Гангийн үйлдвэр

12. Газрын тос боловсруулах цогцолбор

13. Оюу толгой төсөлд түшиглэсэн алт цэвэршүүлэх үйлдвэр

14. Үндэсний хиймэл дагуул юм.

Дээрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр:

  • Эдийн засгийн өсөлтийг 5-6 ба түүнээс дээш хувьд хүргэх
  • Инфляцыг нэг оронтой тоонд барина.
  • Зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8,000-10,000 ам.долларт хүргэнэ.
  • Хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар ахиулж, ядуурлын түвшнийг 2 дахин бууруулна гэж онцлон тэмдэглэжээ.   

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe