Орон нутгийн тээврийн хэрэгсэл яагаад хоногт 5000 төгрөг төлөх вэ

.Graph
2024-08-14

НИТХ-ын тогтоолын дагуу Улаанбаатар хот руу орж ирж буй тээврийн хэрэгсэл нь 48 цагаас дээш хугацаагаар зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх юм байна. 

Тодруулбал, 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр НИТХ-ын хуралдаанаас 02 дугаартай тогтоол гаргасан байна. Энэ тогтоолын дагуу Улаанбаатар хотод нэвтрэн орж ирж буй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс төлбөр хураах болсон. Тогтоолоор энэ ажлыг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах үүргийн Нийслэлийн Засаг даргад өгсөн байдаг. Ингээд 2024 оны наймдугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, есдүгээр сарын 1-ээс эхлүүлэх болжээ. 

Тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотод орж ирээд 48 цаг дотроо багтан гарвал 1000 төгрөгийн хураамжтай. Харин 48 цагаас дээш болсон тохиолдолд хоног тутамд 5000 төгрөг төлөх юм байна. Төлбөр нь тухайн тээврийн хэрэгсэл дээр нэхэмжлэх байдлаар очих аж. 

Улаанбаатар хотод өдөрт хамгийн багадаа 16 мянга гаруй орон нутгийн тээврийн хэрэгсэл орж ирдэг бол хамгийн ихдээ 19 мянга гаруй байдаг гэнэ. Ийнхүү мөнгийг Замын санд хуримтлуулж, Улаанбаатар хотын замын засвар, шинэчлэлд зарцуулна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe