Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, авто замын түгжрэлийг сааруулахаар нийслэлд зургаан дэд төвийг байгуулж буй. Эдгээр дэд төвүүдээс Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг эхлүүлээд байгаа бөгөөд одоогоор газар чөлөөлөлт 76 хувьтай үргэлжилж байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд нийт 158 га газрыг чөлөөлөн, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий 12 мянган айлын иж бүрэн орон сууцны цогцолбор байгуулах юм. Газар чөлөөлөлтийг хийхдээ нүхэн жорлонг ариутган, барилгын хогийг цэвэрлэж байгаа аж.
Хамгийн сүүлийн байдлаар 1423 иргэн, аж ахуйн нэгжийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж, 1250 нэгж талбартай гэрээ байгуулан, 885 иргэний нөхөх олговрыг олгохоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Нөхөх олговроо бүрэн авсан иргэд ийнхүү үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлөөд байгаа юм.
Нийт чөлөөлсөн талбайн 60 хувьд нь орон сууц, 40 хувьд нь зам талбай, ногоон байгууламж хийхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл үлдээх