“Ард”-ын Ч.Ганхуяг прокуророос зугтсаар

Ц.Чимэдцэеэ
2024-08-14

"Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуягийг бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт шалгаж байна.

Прокурорын газраас тус хэрэгт энэ оны тавдугаар сарын 2-нд Эрүүгийн хуулийн 11.6.1-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Яллах дүгнэлтийг гардуулахаар Ч.Ганхуягийг удаа дараа дуудсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иймд прокуророос албадан ирүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар өнөөдөр(2024.08.14) Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад "Хүсэлтийн дагуу хавтаст хэрэгтэй танилцаж, албадан ирүүлэх эсэх захирамж гаргана. Одоогоор шүүхэд прокурорын байгууллагаас хавтаст хэргээ ирүүлээгүй байна" гэв.

Isee.mn сайтын мэдээлснээр дээрх хэрэг 2022 оны арванхоёрдугаар сард үйлдэгдсэн ч өнөөг хүртэл прокурорын байгууллагад "гацаад" байгаа юм. Ч.Ганхуягийн хувьд хуулийн байгууллагад шалгуулах, хохиролтой иргэний эрхийг сэргээх, хохирлыг барагдуулахгүй хугацаа алджээ. Тэрээр төрийн өндөр албан тушаал хашиж байсан, томоохон ААН удирдаж яваа хүний хувьд энэхүү үйлдэл нь олны анхаарал татаж буй юм.

Ч.Ганхуяг 16 цагийн өмнө өөрийн инстаграм хуудсандаа эхнэр Г.Уянгын хамт Сербийн Бельград хотод явж байна хэмээн стори оруулсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe