Сэлбэ, Дунд голын ус татарсан нь ямар учиртай вэ

Ж.Номин
2024-08-15

Өнгөрсөн жилийн 7, 8 дугаар сард орсон борооны улмаас Улаанбаатар хотод үерийн гамшиг тохиосон. Тиймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж нийслэлийн зүгээс голын голдирлыг хааж барьсан барилгуудыг үе шаттай буулган,  Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг нүүлгэн шилжүүлж, лаг хагшаас цэвэрлэсэн юм. Буулгасан барилгуудын нэг нь “S’Outlets” дэлгүүрийн объектууд.

Барилга буулгасан тус байршилд үерийн хамгаалалтын далан барьж байгаа тул голын ус татарсан талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсээс мэдээллээ. 

Тодруулбал, Үерийн хамгаалалтын далан барихын тулд голын урсцыг багасгах зорилгоор тухайн голын эхэд байгуулсан усан тохируулгын сангаас усыг түр хаажээ. Уг даланг хийж дуусахаар усыг тохируулан нээж, гол хэвийн урсцаар урсах хэдий ч намрын улирал болж буй тул ус тодорхой хэмжээнд багасна гэдгийг онцолсон юм. 

Мөн Дунд гол үертэй үедээ гол дотроо багтахгүйгээр урсдаг бол хэвийн үедээ 2-3 метр өргөнтэй урсдаг байсан аж. Харин 30-50 метр өндөртэй лаг хагшаасыг цэвэрлэн гаргасан тул гол татарсан мэт харагдаж байгааг албаныхан хэллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe