Орон нутгийн сонгуулиар 8155 төлөөлөгч сонгоно

Ж.Номин
2024-08-15

Юун 8155 төлөөлөгч вэ?

  1. Манай улсын иргэд ирэх аравдугаар сарын 11-нд ард түмнийг төлөөлөх 8155 төлөөлөгч сонгоно.

Тодруулбал, хуулийн дагуу

  • 21 аймгийн ИТХ-д нийт 545 тойрогт 771 мандат,
  • нийслэлийн ИТХ-д нийт 23 тойрогт 45 мандат
  • сумуудын ИТХ-д нийт 1634 тойрогт 7048 мандат,
  • дүүргүүдийн ИТХ-д нийт 152 тойрогт 291 мандат олгохоор байгаа юм. 
  • Иймээс аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д нийт 8155 төлөөлөл сонгоно. 

Сонгуулийн бэлтгэл ажил хэр байна вэ?

Сонгуулийн цаглабарын дагуу нам, эвслүүд 8 дугаар сарын 12-оос өмнө сонгуульд оролцох хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх ёстой.  Зөвхөн нийслэлд гэхэд дараах 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлснийг бүртгэн, тогтоол гаргажээ. Үүнд:

  • Монгол Ардын Нам
  • Ардчилсан Нам
  • Иргэний Зориг Ногоон Нам
  • Бүгд Найрамдах Нам
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
  • Иргэний Хөдөлгөөний Нам
  • Хөгжлийн Хөтөлбөр нам
  • ХҮН Нам
  • Ард Түмний Хүч Нам
  • Үнэн ба Зөв Нам
  • Ард Түмний Олонхийн Засаглал Нам
  • Гэр Хороолол Хөгжлийн Нам
  • ШИНЭ Нам
  • Иргэдийн Оролцооны нэгдэл нам
  • Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам
  • Үндэсний эвсэл

Ингэснээр дээрх нам, эвслүүд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох эрхтэй болж байна. Харин аймаг, сумуудын сонгуулийн хороонд хүсэлтээ илгээсэн нам, эвслүүд одоогоор тодорхой болоогүй байгаа юм. 

Бид яагаад сонгуульд оролцох ёстой вэ?

Өөрсдийн амьдарч буй орчныхоо өнгө төрхийг сайжруулах, нэн шаардлагатай бүтээн байгуулалтад төсөв мөнгө зарцуулах, тулгамдаж буй асуудлаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, тэдэнд шаардлага тавихад биднийг төлөөлөх төлөөлөгч хэрэгтэй.

Иймээс бид амьдарч буй газраасаа өөрсдийгөө хамгийн сайн төлөөлж чадна гэсэн хүнийг сонгон, ИТХ-д илгээх юм.

Өөрөөр хэлбэл, УИХ-д сонгосон гишүүд илүү бодлогын түвшинд, улс орны хөгжлийн асуудлыг бидний өмнөөс шийдэх бол ИТХ-ын төлөөлөгчид бидний амьдралд илүү ойр ажиллах үүрэгтэй.

Мөн энэ удаагийн орон нутгийн сонгуулийн зардалд 32.7 тэрбум төгрөг улсын төсвөөс буюу бидний төлсөн татвараас гаргаж байгаа. 

Хэрэв тухайн бүсийн нийт сонгогчийн 50 хувь нь санал хураалтад оролцоогүй бол бидний төлсөн татварын мөнгөөр дахин сонгууль хийх юм.

Хаана очиж сонгуулиа өгөх вэ?

Бид сонгуульд оролцохоосоо өмнө өөрсдийн нэрийг сонгогчийн нэрийн жагсаалтад байгаа эсэхийг шалгах ёстой.  Ингэхдээ https://election.burtgel.gov.mn/ цахим хуудсаар нэвтрэн өөрийн хувийн мэдээллийг шалгахын сацуу санал өгөх байрны мэдээллийг авах боломжтой.

2020 оны орон нутгийн сонгууль хэрхэн болсон бэ?

Сонгуульд нийт 8,167 мандатын төлөө 17.149 нэр дэвшигч өрсөлдсөн байна.

Үүнээс НИТХ-ын 45 суудлын 34-ыг нь МАН авсан бол АН найман суудал, ХҮН гурван суудал тус тус авч байв. 

Харин дүүргийн ИТХ-ын тухайд Сүхбаатараас бусад дүүрэгт МАН олонх болсон. Орон нутгийн хувьд  21 аймгийн наймд нь Ардчилсан нам олонх болж байлаа.

Нийтлэлийг зургаар харах бол энд дарна уу.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe