Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймд Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан. Энэ хүрээнд өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ний өдрөөс есдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулах аж.
Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит 1728 байгууллагын 14717 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 8000 авто машины улсын дугаарын дэвсгэр өнгийг хар хөх өнгөтэй болгон өөрчилсөн байна. Үүнээс нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй 2199 суудлын автомашин бий.
Ийнхүү төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулснаар хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээнд буурна гэж холбогдох байгууллагууд үзжээ.
Сэтгэгдэл үлдээх