Үе үе үргэлжлэн орсон бороо ямар асуудлыг ил гаргав

Ж.Номин
2024-08-19

Ойрын өдрүүдэд орсон борооны улмаас гудамж, зам талбай усанд автаж, борооны ус зайлуулах шугамтай холбоотой асуудлууд дэгдсэн.

Тиймээс өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу 8 сарын 17, 18-нд Хотын дарга Х.Нямбаатар холбогдох байршилд ажиллаж, хэд хэдэн зөрчил илрүүлжээ.

Тодруулбал,

  • “Тэсо” группийн “Альфа зоне” төсөл Суруга Монголын авто замын борооны ус зайлуулах 500 диаметртэй бетонон хоолойг цоолж, шугам хоолойд хөрсний ус шавхсан,
  • “М-Си-Эс Проперти” ХХК-ийн Орчлон сургуулийн өргөтгөлийн талбайд борооны усны шугам хоолойг эвдэж, хөрсний ус ихээр шахсан зэргээс үүдэн “Хүннү 2222” хорооллын авто замд борооны ус тогтож, нийтийн эзэмшлийн зам талбай руу ус хальсан байна. 
  • Мөн "Монкон групп" ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахсаны улмаас хоёр өдөр үргэлжлэн орсон борооноор Дүнжингаравын авто зам, Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын явган хүний зам усанд автжээ. 

Хотын дарга дээрх зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн шийдвэр гаргуулж, үйл ажиллагааг нь зогсооно. Шаардлагатай бол газар олголтыг нь цуцална. Мөн өөрсдийн зардлаар хөрсний ус зайлуулах ажлаа гүйцэтгээгүй зөрчилд нь зохих торгуулийг оногдуулахаар холбогдох газарт үүрэг болгож байна.

Өнөөдрийн байдлаар  ГУББГ-аас "Монкон групп" ХХК-ийн хөрсний усны хоолойг авто замын ус зайлуулах шугамаас салгаад байгаа аж.

Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал

Улаанбаатар хот нийт 1213 км авто замтай ч авто замын сүлжээний 20 хүрэхгүй хувьд буюу 212 км борооны ус зайлуулах шугам байна. Харин үерийн хамгаалалтын 163.6 км далан, суваг, хөрсний ус зайлуулах 24.9 км шугам сүлжээ, ус хүлээн авах шүүрт худаг 400 бий. Эдгээрийн 67 хувь нь элэгдэж муудан, насжилт хэтэрсэн байна.

Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн жишээ

  • 2023 оны 7, 8 дугаар сард болсон үерийн гамшгаар  35 тэрбумын материаллаг хохирлын үнэлгээ гарч, Улаанбаатар хот инженерийн шугам сүлжээний бэлэн байдалд дүнгээ тавиулсан.
  • Газар доорх инженерийн дэд бүтцийн насжилт хэтэрсэн, элэгдэж муудсан зэргээс гадна замбараагүй газар олголтын асуудал хөндөгдсөн.
  • Тухайлбал, голын голдирол хааж барьсан S’ Outlet, Шунхлай ШТС, Акуа гарден хорооллын газрын асуудал маргаан дэгдээж байсан юм. 

Хотоороо үерт урсгачихгүйн тулд юу хийж байна вэ?

Нийслэлээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр нийт 408 км үерийн хамгаалалт, 88.4 км урт ул хөрсний түвшин бууруулах байгууламж, 290 км зам, талбайн борооны ус зайлуулах шугам, сүлжээ барихаар төлөвлөжээ.

Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын 12 км байгууламж шинээр барихаас зургаан байршилд борооны усны шугам, үерийн даланг засаад байна.

Эхний ээлжид Дунд гол дагуу байсан Шунхлай ШТС-ын буурин дээр 3,2 м өндөр, 207 м урттай үерийн хамгаалалтын даланг ГУББГ-аас барьж дуусжээ. Мөн S’ Outlet дэлгүүрийн байршил буюу Сэлбэ гол дагуу  750х750 метрийн харьцаатай нийт 1,5 км урт, 3.5-4 метр өндөртэй төмөр бетонон хийцлэлтэй далан байгуулах бөгөөд зүүн талын босоо түшиц ханыг бетоноор цутгах ажил 40 хувьтай үргэлжилж байна.

Дунд голоос 30-50 м өндөр лаг хагшаасыг цэвэрлэн гаргаж, үргэлжилсэн борооны үеэр голын ус хальж түрэхээс сэргийлэх арга хэмжээг аваад байгаа юм. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд эхний ээлжид 9 тэрбум төгрөг төсөвлөжээ. 

Нийтлэлийг зургаар харах бол энд дарна уу.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe