АНУ-ын Ардчилсан намын үндэсний чуулган наймдугаар сарын 19-22-нд Чикаго хотод болж байна.
Чуулганыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор дөрвөн жилд нэг удаа долоогоос наймдугаар сард зохион байгуулдаг. Энэ удаагийн чуулганы эхний өдрийг Ерөнхийлөгч Жо Байден хааж, “Чадах бүхнээ эхорондоо зориуллаа” хэмээв.
Бүгд найрамдах намын хувьд чуулганаа 7-р сарын 15-18-ны хооронд зохион байгуулж, нэр дэвшигчээр Доналд Трампыг 98,23 хувийн саналаар батламжилсан.
Ардчилсан намын нэр дэвшигч хэн бэ?
Ардчилсан намаас наймдугаар сарын 2-ны өдөр дэд Ерөнхийлөгч Камала Харрисыг нэр дэвшүүлэхээр болсноо зарласан. Намын үндэсний чуулганы дараагийн өдрүүдэд түүнийг гишүүдийн санал хураалтаар батламжилна. Мөн сонгуульд дэд ерөнхийлөгчөөр оролцох гишүүнийг санал болгож, олон нийтэд зарлах юм.
Камала Харрисын хувьд АНУ-ын анхны өнгөт арьст эмэгтэй дэд ерөнхийлөгч. Тэр урьдчилсан судалгааны дүнгээр Трампаас 1 хувиар илүү саналтай. Үзэл санааны хувьд одоогоор Ардчилсан намын бодлогыг үргэлжлүүлж, амьжиргааны зардлыг буулгана гэдгээ зарлаад байна.
Жо Байденд юу тохиолдов?
Тэр оны эхээр сонгуульд нэр дэвшихээ зарлаж, зургаадугаар сард Трамптай эхний мэтгэлцээнээ хийсэн. Гэсэн ч долоодугаар сарын 21-ний өдөр өөрийн X хаягтаа сонгуулиас нэрээ татсан тухайгаа албан бичгийн хамт нийтэлсэн байдаг. Ийнхүү 11 дүгээр сарын 5-ны өдөр америкчууд шинэ Ерөнхийлөгчөө сонгож, тангараг өргүүлснээр түүний бүрэн эрхийн хугацаа дуусах юм.
Мөн илтгэлдээ “Би ажилдаа хайртай. Гэхдээ түүнээс илүү эх орноо хайрладаг” гэв.
Энэ үгээрээ яагаад нэрээ татах болсноо тайлбарлаж, ажлаа өгөх сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаагаа илэрхийллээ хэмээн CNN онцоллоо. Мөн тэр урьдчилсан санал асуулгаарТрампаас 5 хувиар доогуур саналтай байв.
АНУ-ын сонгууль хэрхэн өрнөдөг вэ?
Оны эхэнд муж улсуудын урьдчилсан сонгуульд нэр дэвшигчид тодорч, өрсөлддөг. Долоогоос наймдугаар сард намууд үндэсний чуулганаа зохион байгуулж, мужийн сонгуулийн дүнгээс хамааран албан ёсоор нэр дэвшигчээ батламжилдаг. Арваннэгдүгээр сарын эхний мягмар гарагт намуудын үндэсний чуулганаар батламжилсан нэр дэвшигчдэд санал өгнө.
Сэтгэгдэл үлдээх