Хөрсний усаа ус зайлуулах хоолой руу зөвшөөрөлгүй шавхаж байгаа зөрчил нэмэгдэж байна

Ж.Номин
2024-08-21

Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон борооны улмаас гудамж, зам талбай нэлээдгүй усанд автсан. Мэдээж борооны ус зайлуулах шугам хоолой хангалтгүй, байгаа хэд нь ачааллаа дийлдэггүй гэх мэт шалтгаан бий. Үүн дээр барилгын компаниуд хөрсний усаа борооны ус зайлуулах шугам хоолой руу зөвшөөрөлгүй шавхах тохиолдол их байна. 

Тодруулбал, “Хүннү 2222” хороолол орчмын авто замд борооны ус тогтож байгаа асуудалтай холбогдуулан ГУББГ-аас шалгалт хийхэд “Тэсо” группийн хэрэгжүүлж байгаа “Альфа зоне” төсөл Суруга Монголын авто замын борооны ус зайлуулах 500 диаметртэй бетонон хоолойг цоолж,  хөрсний ус шавхсан зөрчил гаргажээ. Түүнчлэн “М-Си-Эс Проперти” ХХК-ийн хэрэгжүүлж буй Орчлон сургуулийн өргөтгөлийн талбайд борооны усны шугам хоолойг эвдэж, хөрсний ус ихээр шахаж байсан зөрчил илэрсэн байна. 

Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард “Монкон” ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу зөвшөөрөлгүй шахсаны улмаас  Дүнжингаравын авто зам, Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын явган хүний зам усанд автжээ. 

Ийнхүү 2024 оны 8 сарын 18-нд ГУББГ-аас дээрх зөрчлийг арилгасан боловч 8 сарын 19-20-нд шилжих шөнө тус компани барилгын талбайгаасаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шланк татан хөрсний усаа дахин шахсан байна.

Энэ мэтчилэн барилгын компаниуд хөрсний усаа зөвшөөрөлгүй шавхах зөрчил тасрахгүй байна. Тухайлбал, 

  • ТЦА-ны баруун талд байрлах “Таван богд” группийн охин компани болох “Таван богд Тоёота” нь бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу шахсан, 
  • “Эко Констракшн” ХХК-ийн Маршал Таун төсөл хөрсний усаа борооны ус зайлуулах хоолой руу шахсан,
  • “Бондушка” ХХК барилгын талбайн хөрсний усаа борооны ус зайлуулах хоолой руу шахсан зэрэг зөрчлийг ГУББГ, нийслэлийн Хяналт шалгалтын газраас илрүүлэн, арилгуулаад байна. 

Гэтэл Усны газраас хөрсний ус зайлуулах зөвшөөрөл авсан 18 аж ахуйн нэгж байдаг бөгөөд дээрх аж ахуйн нэгжүүд нийт 11 сая метр.куб ус шавхан зайлуулж байгаа юм. Гэтэл Ус сувгийн удирдах газар жилдээ 50 сая метр.куб ус нийлүүлдэг бөгөөд үүний ⅕-тэй тэмцэх хэмжээний усыг 18-хан компани шавхан зайлуулж байгаа гэсэн үг. Үүн дээр зөвшөөрөлгүй хөрсний усаа шавхаж буй аж ахуйн нэгжүүд нэмэгдэж, бидний хэрэглэх ундны усны нөөцөд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа хэрэг юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe