ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цяныг хүлээн авч, уулзлаа.
Москва хотод болсон тэдний уулзалтын үеэр БНХАУ-ын хоёрдугаар дарга гэгддэг Ли Цян хоёр улсын худалдааны харилцаа “цэцэглэж” байгааг сайшаажээ.
Хоёр орны Засгийн газрын тэргүүн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн, энэ хүрээний технологийн дэвшил, их гүрний хөгжлийг хязгаарлах аливаа оролдлогыг эсэргүүцэхээ амлав гэж Хятадын төрийн хэвлэл мэдээллээ.
ОХУ Украиныг эзлэн түрэмгийлсэн гэх шалтгаанаар олон улсын томоохон хориг арга хэмжээнд өртөж, барууны орнуудтай зөрчилдөөнтэй байгаа. Улмаар Хятадын зах зээл, бараа бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтаас асар хамааралтай болсон.
Өнгөрсөн онд Хятад, Оросын худалдаа дээд амжилт тогтоож, төлөвлөсөн хугацаанаасаа өмнө 240 тэрбум ам.долларт хүрч байв.
Москвад болсон уулзалтын дараа Орос, Хятадын эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хэрэгжүүлэх томоохон хэмжээний хамтарсан төлөвлөгөө, төслүүд "олон жилийн турш үргэлжлэх болно" гэж Кремлийн хэвлэлээр мэдээлжээ.
Сэтгэгдэл үлдээх