Чуулган: УИХ 50.8 хувийн ирцтэй хуралдаж байна

Ц.Чимэдцэеэ
2024-08-23

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ирц танилцуулснаар өнөөдрийн (2024.08.23) хуралдааныг нээлээ. 

Х.Баттулга, Д.Ганмаа, А.Ганбаатар. Ж.Ганбаатар, Ж.Галбадрах, Б.Чойжилсүрэн чөлөө хүссэн бол Э.Болормаа, Д.Үүрийнтуяа нар орон нутагт ажиллах чөлөөтэй байна. Харин Г.Дамдинням, С.Лүндэг нар эмнэлгийн чөлөөтэй байгаа аж. Ийнхүү 50.8 хувийн ирцтэй чуулган хуралдаж байна.

126 гишүүний 64 нь хуралдааны ирцэд бүртгэгдэж, 10 нь чөлөө хүссэн бол 52 нь тасалсан эсвэл хоцорчээ.

Хуульд зааснаар УИХ нь хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй. 

Энэ удаагийн чуулганаар 8 асуудал хэлэлцэх товтой. Тухайлбал, 

  • “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
  • Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд 9Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг)
  • Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд (Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нарын 6 гишүүн 2024.08.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
  • УИХ-ын гишүүний халдашгүй байдлын “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах зэрэг юм.

Ялангуяа төсвийн тодотгол хэлэлцэж байгаа үед УИХ-ын тал гишүүн үндсэн үүргээ биелүүлж, чуулгандаа суухыг хойш тавьжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe