Ойрын өдрүүдэд нийслэлд ямар арга хэмжээнүүд болох вэ

Ж.Номин
2024-08-23

Намрын эхэн сард баяртай гэж хэлэх цаг нь болжээ. Гэхдээ намрын налгар өдрүүд үргэлжлэх тул нийслэлээс зохион байгуулж буй сонирхолтой арга хэмжээнүүдээр дайраад гарахад буруутахгүй болов уу. 

Явган алхалтын фестиваль

"Улаанбаатар явган алхалтын фестиваль 2024" арга хэмжээ энэ сарын 23-25-ны өдөр болно. Тус фестивальд оролцохоор Англи, Герман, АНУ, Тайван, Филиппин, Чех, ОХУ, Австрали, Казахстан, Япон, БНСУ зэрэг улсын 120 гаран явган алхагч ирж байгаа бол Монгол улсаас 400 гаруй явган алхагч оролцохоор бүртгүүлжээ.

Оролцогчид:

  • 8-р сарын 23-нд Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Өгөөмөрийн ам, “Монгол оллэ” 3-р маршрут
  • 8-р сарын 24-нд Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Чингис уул, “Монгол оллэ” 2-р маршрут,
  • 8-р сарын 25-нд Улаанбаатар хот доторх алхалт буюу “Сүхбаатарын талбайгаас - Скай ресорт” цанын бааз гэсэн маршрутаар тус тус алхахаар төлөвлөсөн байна.

Явган алхалтад оролцохыг хүсвэл 99618056, 99092286 дугаараас мэдээлэл авах боломжтой аж. 

Японы соёлын наадам

“Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд -2024” арга хэмжээ энэ сарын 24, 25-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно. 

Энэ үеэр Япон орны соёлтой танилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхон, олон төрлийн хоол, хүнс амтлах боломжтой. Түүнчлэн Япон улсын их дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд залуучуудад зориулсан боловсролын үзэсгэлэн яармаг зохион байгуулах бөгөөд косплэй хувцасны үзүүлбэр үзэж, аялал жуулчлалын талаар мэдээлэл авах боломжтой аж. 

UB food фестиваль

Монгол үндэсний хоол, хүнс болон олон үндэсний хоолны соёлыг гадаад, дотоодын иргэд, жуулчдад сурталчлан таниулах зорилготой “UB FOOD FESTIVAL” арга хэмжээ мөн энэ сарын 23-25-ны өдөр Сүхбаатарын талбайд болох гэнэ.

Энэ үеэр шилдэг тогооч нарын онцгой үзүүлбэрүүд болон урлагийн тоглолтууд болно. Монголын шилдэг тогооч нарын гарын хоолыг нэг дороос амтлахыг хүсвэл Сүхбаатарын талбайгаар ороод гараарай. 

Korea week 2024

"Korea week 2024" арга хэмжээ 8-р сарын 30-наас 9-р сарын 1-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Тус өдрүүдэд Солонгос ардын болон орчин үеийн дуу бүжиг, таеквондогийн пүмсэ, гёгпа зэрэг үзүүлбэрийг үзэж, цаасан урлалтай танилцах боломжтой юм. Мөн Солонгосын гоо сайхны брэндүүдийн танилцуулга, зөвлөгөөг сонирхон, үндэсний хоолны амталгаа хийгээрэй.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe