Монголчууд бид нэмж 40 хүн цалинжуулах нь ээ

.Graph
2024-08-26

2024 оны 7 сарын 5-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн П.Наранбаяр дахин Ерөнхий сайдаар томилогдож буй Л.Оюун-Эрдэнээс "Ерөнхий сайдын хувьд төрийн албыг цомхон болгоход ямар бодлого барьж ажиллах вэ" хэмээн асуусан.

Хариуд нь Л.Оюун-Эрдэнэ "Төрийн байгууллагын бүтэц 1990-ээд оны эхэн үеийн бүтэцтэй хэвээр. Шинэ парламент бүрдсэн учир төрийн албаны бүтцийг шинэ 30 жилд тохируулж реформ хийнэ гэж боддог" гэсэн байна. Тэгвэл тэрээр энэхүү үгнээсээ буцаж, төрийг улам данхар болгож байна. 

Нийтлэлийг зургаар үзээрэй.

Баримт 

  • Засгийн газар наймдугаар сарын 14-ний хуралдаанаараа “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-ыг байгуулжээ. 
  • УТҮГ гэдэг нь Улсын төсөвт үйлдвэрийн газар гэсэн үгний товчлол бөгөөд төсвөөс санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд.
  • Өөрөөр хэлбэл, ажилчид нь бидний төлсөн татварын мөнгөөр цалинжиж, байгууллага нь мөн л бидний татварын мөнгөөр санхүүжинэ.
  • Шинээр байгуулж буй энэхүү УТҮГ-ыг 40 хүний орон тоотой байгуулахаар Засгийн газрын тогтоол албажсан байна. Мөн энэхүү УТҮГ нь Шадар сайд С.Амарсайханы эрхлэх асуудлын хүрээнд байна.

С.Амарсайханы бүрэн эрх

  • Орон тоог батална. Ингэхдээ 40-өөс илүү гаргахгүй.
  • Зохион байгуулалт бүтцийг батална буюу хэдэн даргатай байхыг шийднэ. 
  • Тухайн УТҮГ-ын гүйцэтгэх захирлыг томилно. 
  • Улсын бүртгэлд бүртгүүлнэ.
  • Үйл ажиллагааг нь хянана. 

УТҮГ-ын хийх ажил

  • Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгасан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  • Үүнтэй холбоотой судалгаа, шинжилгээ хийнэ. 

Үе үеийн УИХ, Засгийн газар төрийн данхар байлгаж болохгүй, аль болох цомхон байлгана гэж амладаг ч төрийн бүтэц жил ирэх тусам данхайсаар байна. Үүнээс гадна сонгууль бүрийн дараа төрийн албыг шагнал болгон өгдөг бичигдээгүй хууль бий. Улс төрийн хүрээнд үүнийг “хоолонд орох” хэмээн нэрлэдэг. Тэгвэл Засгийн газрын шинээр байгуулсан энэхүү УТҮГ нь намчдын “хоолонд орох” нэг үзэгдэл байхыг үгүйсгэхгүй. Хэрэв үүнийг үнэн гэж үзвэл, монголчууд бид “С.Амарсайханы” 40 хүнийг нэмж тэжээх нь ээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe