УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн үед парламентад нэгэн буруу жишиг тогтох магадлалтай байна.
Энэ бол ажлын бус цагаар чуулган нэгдсэн хуралдааныг хуралдуулах. УИХ-ын чуулганы дэгийн хуульд зааснаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг пүрэв, баасан гарагийн 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдуулах учиртай. Тэгтэл түүний даргалж буй парламент 2 ч удаа хуралдах хугацаагаа сунгаж, шөнийн цагаар хуралдлаа.
Нийтлэлийг зургаар үзээрэй.
2024 оны 7 сарын 9
- УИХ-аар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах, шинээр томилогдож буй сайд нартай танилцахдаа тасралтгүй 24 цаг хуралдсан.
- Чуулганы нэгдсэн хуралдаан 2024 оны 7 сарын 9-ний 08.10 цагт эхэлж, 10-ны өдрийн 08.00 цагт дууссан байна.
2024 оны 8 сарын 23
- УИХ-аар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотгол, тэдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн.
- Тэгвэл УИХ өглөөний 10.00 цагт хуралдаанаа эхлүүлж, шөнийн 22.00 цагийн орчимд дууссан байгаа юм. Тасралтгүй 12 цаг хуралдсан.
Хуульд “Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно” гэж заасан. Хэдийгээр товлосон асуудлаа хэлэлцэж амжсангүй гэж чуулганы хуралдааныг сунгаж байгаа ч ингэж сунгахгүйгээр ажлын цагт багтаан хуралдуулах нь ерөөсөө л УИХ-ын даргын төлөвлөлтөөр шийдэж болох асуудал байна.
Хэрхэн шийдэх вэ?
- УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл гэж бий. Үүнд бүх байнгын хороодын болон намын бүлгийн дарга зэрэг хүн багтдаг.
- Чуулганаар хэзээ, юу хэлэлцэхийг энэхүү зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга батална. Энэхүү зөвлөлийн саналаар чуулганы нэгдсэн хуралдааныг зөвхөн пүрэв баасан гаригт ч биш мягмар, лхагва гарагуудад ч хуралдуулах боломжтой.
- Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шөнийн цагаар гишүүдээ хуралдуулахгүйгээр төлөвлөлтөө анхаарч, ажлын цагт багтаан хуралдуулах хэрэгтэй байна.
Ямар хор уршиг гарч байна вэ?
- Иргэдийн мэдэх эрх зөрчигдөж байна. Жишээлбэл, чуулган 24 цаг хуралдлаа гэж бодоход хүний биологийн хэрэгцээгээ хангахын тулд унтаж таарна. Ингээд иргэдийг унтаж байх хойгуур чухал хуулийн төслүүдийг хэлэлцэн баталж байна.
- Хөдөлмөрийн хуулийг зөрчиж байна. Хөдөлмөрийн тухай хуульд “Ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна” зөрчиж байгаа юм.
- УИХ-ын гишүүдийн ажлын бүтээмж буурч байна. УИХ-ын гишүүний ажлын нэг болох хуулийн төслийг тайлж уншиж, ойлгох нь нарийн төвөгтэй ажил байдаг. Тэгвэл олон цагаар хуралдах үед хэлэлцэж буй асуудлаа ойлгохгүй байх, нойрмоглох зэрэг асуудлууд гарч байна.
Тиймээс цаашид УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг ажлын цагт явуулж, иргэдийн мэдэх эрхийг сайтар хангаж, УИХ-ын гишүүдийн бүтээмжтэй ажиллахад анхаарах шаардлагатай байна.
Сэтгэгдэл үлдээх