“Эко” С.Нямдаваад хууль үйлчлэх үү

Ж.Номин
2024-08-27

Барилгын салбарт толгой цохиж яваа С.Нямдаваа захиралтай "Эко Констракшн" ХХК Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд “Кинг тауэр” төслийнхөө тавдугаар ээлжийн барилгын ажлаа гүйцэтгэж буй.

Ингэхдээ төслийн барилгын талбайд байрлах борооны ус зайлуулах хоолой руу хөрсний усаа шавхаж байсан зөрчлийг холбогдох байгууллагаас өнгөрсөн долоо хоногт илрүүлсэн. Ийнхүү ГУББГ-с зөрчлийг арилгах албан бичгийг "Эко Констракшн" ХХК-д хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл зөрчлөө арилгаагүй байна. Иймээс Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс хэрэг нээн, шалгаж эхэлжээ. Мөн нийслэлийн Хяналт шалгалтын газраас дээрх компанид шаардах хуудас хүргүүлж, хөрсний усаа соруулж байсан хоолойг нь лацдаж хаасан байна. 

Ийнхүү “Эко констракшн” ХХК зөвшөөрөлгүйгээр хөрсний усаа шавхсанаас болж борооны ус зайлуулах хоолой дүүрч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд ус хальж, авто зам болон явган хүний замд ус тогтсон. Дээрх хэсгийн 1.1 км авто замыг энэ оны 6 дугаар сард бүрэн шинэчилсэн ч ийнхүү ус тогтож байгаагаас болж явган хүний зам эвдэрч дахин засварлах шаардлага үүсээд байгаа юм.

Төрийн байгууллагуудаас тавьсан шаардлагыг биелүүлдэггүй С.Нямдаваагийн "Эко Констракшн" ХХК энэ мэтчилэн нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд халдан сүйтгэсээр байх уу эсвэл тэдэнд хууль үйлчлэх болов уу.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe