Хушны самар түүх хугацаа эхлээгүй байна

Ц.Чимэдцэеэ
2024-08-28

Монгол оронд 2023 оны байдлаар ойн 5.25%-д буюу 10 аймгийн 63 сум, Улаанбаатар хотын ногоон бүсэд хушин ой тархан ургаж байна. Үүнээс үйлдвэрлэлийн болон ахуйн, мөн судалгаа шинжилгээний зориулалтаар самар бэлтгэдэг.

Самрыг 10 дугаар сарын 20-с дараа оны хоёрдугаар сарын 01-ний хооронд дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэх боломжтой.

Хуш модны өсөлт, хөгжилт харьцангуй удаан явагддаг зэрэг шалтгаанаас үүдэн зохистой ашиглах шаардлагатай аж.

Энэ талаар Ой зүйч Г.Эрдэнэцолмон “Модны хамгийн залуу, хамгийн тэжээлтэй хэсэг нь гадна талын холтос хэсэг. Хугацаа нь болоогүй байхад самар түүхийн тулд мунадах нь модыг ихээр гэмтээж буй хэрэг” гэв.

Хушны самрыг газарт унасны дараа, модноос авиралгүй эсвэл модноос авирч гэсэн байгальд ээлтэй үндсэн гурван аргаар түүдэг аж. Манай улсад 2023 оны наймдугаар сарын 17-нд баталсан “Хушны самар түүх аргачлал”-ыг баримталж байна.

Самар бэлтгэхдээ "Ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах" тусгай зөвшөөрөл авдаг. Энэ жилийн тухайд тусгай зөвшөөрөл олгож эхлээгүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe