УИХ-ын Төвсийн байнгын хорооны хуралдаанаар 2023 оны төсвийн гүйцэтгэл болон түүнд хийсэн аудитын тайланг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүд болон ажлын хэсгийн дунд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гэмт хэргийн чанартай зүйл хийсэн үү гэдэг харилцан яриа өрнөлөө. Эхлээд харилцан яриаг хүргэе.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
Одоо юу юугүй өвлийн утаа эхэллээ. Шахмал түлш эхэндээ үр дүнтэй байсан уу, байсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд үр дүн гарахаа больж, утаа ихэслээ. Шахмал түлшний үйлдвэрт хийсэн хөрөнгө оруулалт юу болов, энэ тал дээр аудит хийсэн үү?
Үндэсний аудитын газрын дарга Д.Загджав:
Тавантолгой түлш ХХК-д Эрдэнэс Тавантолгой ХК-аас хөрөнгө оруулсан. Аудитаас үүнтэй холбоотой 1.1 их наяд төгрөгийн зөрчил илрүүлээд, зөрчил нь гэмт хэргийн чанартай байгаа тул прокурор руу шилжүүлсэн.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
Татаас нь гэмт хэргийн чанартай байсан гэж үү. Тэр үед Ерөнхий сайдаар одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажиллаж байсан. Чи ямар хариуцлагагүй юм яриад байна аа. Юу нь гэмт хэргийн чанартай байгаа юм бэ. Засгийн газрын шийдвэр гаргаад Эрдэнэс Тавантолгой ХК-ийг нийгмийн хариуцлагын хүрээнд тэр хөрөнгө оруулалтыг хий гэсэн шүү дээ. Ерөнхийлөгчийгөө буруу юм хийсэн гээд яриад сууж байх юм.
Үндэсний аудитын газрын дарга Д.Загджав:
Гэмт хэргийн шинж чанартай байна гэж үзээд хуулийн дагуу Улсын ерөнхий прокурор руу шилжүүлсэн. Гэмт хэргийн шинж чанартай зөрчил байсан.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
Үгүй, чи зөв хариулаад байна уу. Татаас олгох ажлыг тухайн үед Засгийн газар шийдээд л олгоод явсан шүү дээ. Ямар гэмт хэргийн чанартай зүйл байгаа юм бэ. Их л сонин хариулчихлаа. Би бол тэгж бодохгүй байна. Шахмал түлшний үйлдвэр 2 татаастай. Нэг дэх нь, Эрдэнэс Тавантолгой ХК-аас үнийн зөрүүгийн татаас өгсөн. Яагаад гэвэл, шахмал түлшний нэг тоннын үнэ 380 мянга болсон болохоор ЭТТ ХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд энэ татаасыг өгөхөөр болсон. Хоёр дахь нь, Энержи Ресурс ХХК мөн нийгмийн хариуцлагын хүрээнд мидлинг буюу барьцалдуулагчийг үнэгүй нийлүүлэхээр болсон. Ийм л зүйл байгаа юм. Энд гэмт хэргийн чанартай зүйл байгаа гэж бодохгүй байна. Өөр юмтай эндүүрсэн бололтой.
Байнгын хорооны хуралдаанд ийм харилцан яриа өрнөлөө.
Эрдэнэс Тавантолгой ХК нь 15 гэрээний хүрээнд 1.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг “Тавантолгой түлш” ХХК-д олгосон талаар нүүрсний гэх сонсголын үеэр шинжээч танилцуулж байсан. Дээрх харилцан ярианаас харвал, энэхүү санхүүжилт нь гэмт хэргийн шинж чанартай байж тараад, тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж, энэхүү татаасыг өгөх шийдвэр гаргасан У.Хүрэлсүх энэ гэмт хэрэгт татагдах уу гэдэг асуулт урган гарч байна.
Сэтгэгдэл үлдээх