Засгийн газрын наймдугаар сарын 21-ний хуралдаанаар цахилгааны үнийг шат дараатай нэмэх болсон тухай Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд танилцуулсан.
Үүнтэй холбоотойгоор есдүгээр сарын нэгнээс цахилгааны үнэ нэмэгдэнэ гэх мэдээлэл цахим орчинд тараад буй.
Тэгвэл Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас мэдэгдэл гаргажээ.
Үүндээ "Өнөөдрийн байдлаар ЭХЗХ-оос цахилгаан эрчим хүчний үнэ тарифийг шинэчилж баталсан тогтоол шийдвэр ирээгүй тул цахилгааны үнэ нэмэгдэнэ гэсэн нь ташаа мэдээлэл" гэсэн байна.
Өнөөдрийн байдлаар Эрчим хүчний зохицуулах хорооны тариф батлах тухай 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 504-р тогтоолын дагуу тоолууртай айлууд сард 2 мянган төгрөгийн суурь хураамж болон 150 кВт.ц хүртэл хэрэглээнд 110.49 төгрөг, 151 кВт.ц болон түүнээс дээших хэрэглээнд 130.29 төгрөг төлж байна.
Сэтгэгдэл үлдээх