Хойд Солонгос ОХУ руу зэвсэг тээвэрлэсэн үү

Ц.Чимэдцэеэ
2024-08-29

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс 2022 оны дунд үеэс эхлэн 13 мянга гаруй чингэлэг ОХУ руу илгээжээ.

Тус чингэлэгт зэвсэг ачсан байж болзошгүй хэмээн цэргийн тагнуулын тайланд дурдсаныг БНСУ-ын Yonhap агентлаг мэдээллээ.

Түүнчлэн хоёр талын цэргийн харилцаа гүнзгийрч байгаа хэмээжээ. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Kang Dae-sik-т ирүүлсэн Батлан ​​хамгаалахын тагнуулын газрын тайланд Хойд Солонгос хоёр жилийн хугацаанд Нажин боомтоор дамжуулан ойролцоогоор 6 сая гаруй 152 мм-ийн их бууны сум багтаах боломжтой ачааг хүргэсэн байна.

Хоёрдугаар сард БНСУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Shin Won-sik БНАСАУ-аас ОХУ руу 6 мянга 700 орчим чингэлэг илгээсэн гэж мэдэгдсэнээс хойш ийнхүү хоёр дахин өсжээ.

ОХУ болон Украины дайн 2022 оны хоёрдугаар сард эхэлсэн байдаг.

Зэвсгийн дэмжлэгийн хариуд ОХУ Хойд Солонгосын пуужингийн болон тагнуулын хиймэл дагуулын хөтөлбөрт технологийн туслалцаа үзүүлж байж болзошгүй хэмээн БНСУ хардаж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe