Пара таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Монголын тамирчин У.Сүрэнжав алтан медаль хүртлээ. Ингэснээр Монгол Улсаас Паралимпын наадамд медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж байгаа юм.
Мөн Монголын паралимпын тав дахь медаль, гурав дахь алтыг авчирлаа.
Түүний жинд 12 тамирчин өрсөлдсөн бөгөөд эхний тойрогт Египетийн Салма Али Абдыг 7:5-аар ялснаар хагас шигшээд шалгарчээ. Улмаар Мексикийн Жессика Гарсиаг 13:5-аар илүүрхсэн бол шигшээ тулалдаанд Ираны Захра Рахимиг 5:2-оор буулган авсан байна.
Түүнээс өмнө пара байт харваагаар 2008 онд Д.Баатаржав алтан медаль, поуэрлифтингээр Э.Содномпилжээ 2020 онд алтан, 2016 онд хүрэл медаль, пара жүдогийн төрлөөр 2016 онд Б.Ууганхүү хүрэл медалийг тус тус хүртэж байв.
У.Сүрэнжавын амжилтын хувьд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медаль, Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, “Ханжоу 2022” Азийн зуны пара спортын наадмын мөнгөн медаль, Дэлхийн чансаа олгох цуврал тэмцээний хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль, Олон Улсын гранпри тэмцээний нэг алт, хоёр мөнгөн медаль хүртэж байсан тамирчин юм.
Сэтгэгдэл үлдээх