Хятадын Тайванийн Тайбэй хотноо наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын найманы өдрүүдэд Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн VII тэмцээн болж буй. Энэхүү тэмцээнд Монгол Улсын шигшээ баг СИТИ их сургуулийн нэр дээрээс орж байгаа бөгөөд 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр гурван дасгалжуулагчийн удирдлага дор оролцож байна. Шигшээ багийг өнгөрсөн оны оюутны лигийн аварга СИТИ их сургуулийн баг дээр суурилан бүрдүүлсэн бөгөөд тамирчдыг оролцуулах зохион байгуулалтын ажлыг Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооноос явуулжээ.
Манай улсын шигшээ баг өнөөдөр буюу есдүгээр сарын 2-ны 15 цагаас Филиппины багтай, есдүгээр сарын 4-нд Хонгконгийн багтай тоглох хуваарьтай байна.
FISU-AUB Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнд БНСУ, Монгол, Хонгконг, Хятадын Тайвань, Филиппин, Энэтхэг гэсэн нийт 6 орны баг тамирчид оролцоно. Энэхүү тэмцээн анх 2006 онд Хятадын Тайваньд зохиогдож байсан бөгөөд 2016 онд Улаанбаатар хотноо зохиогдож Монгол улсын шигшээ баг Азийн аварга болж байсан билээ. Харин 2010, 2012 оны тэмцээнээс дараалан хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.
Сэтгэгдэл үлдээх