2003 онд батлагдсан СӨХ-ны хуулийг шинэчлэн, "Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай” хуулийн төслийг 2024 оны 5 сард УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан СӨХ-нд тулгамддаг зарим асуудлуудыг тодруулахаар Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатартай ярилцлаа.
-Эд хөрөнгө, засвар арчлалттай холбоотой асуудлууд их хөндөгддөг. Энэ дундаас хотхон доторх зам засварын ажлыг хэн хариуцаж хийх нь тодорхойгүй байдаг. СӨХ-ны шинэ хуульд үүнийг нарийвчлан тусгасан уу?
-Шинэ хуулийн төсөл дээр дундын өмчлөлийн эд хөрөнгө гэдэг бол байрны бүтээц хийцээс шалтгаалаад хуучин хуультайгаа адилхан орсон. Хотхоны авто зам нь “Авто замын тухай” хуулиар зохицуулагддаг. Нийслэлд бол Нийслэлийн Замын хөгжлийн газарт, орон нутагт бол тухайн орон нутагтаа харьяалагдаад явж байгаа гэсэн үг. Тэгэхээр хороолол доторх болон хот доторх авто замыг тухайн замын компани нь хариуцан засварлах үүрэгтэй гэсэн үг.
-Тухайн хотхон, хорооллын зам нь барилгын компанийнхаа нэр дээр байсан ч гэсэн нийслэл, дүүргээс засварлана гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Иргэд бид авто зам ашигласны төлбөр гэж төлдөг. Тэр төлбөр нь санд төвлөрөөд тэндээсээ засвар арчлалтаа хийх ёстой. СӨХ болон барилгын компаниудын нэр дээр байгаа газар нь орчны газраар ашиглах тусгай гэрээтэй байдаг. Тусгай гэрээн дотроо ямар чиглэлээр ашиглах вэ гэдэг нь зохицуулагддаг бөгөөд орчны газар дээр байгаа зам талбайг чиг үүргийн байгууллагууд нь хариуцдаг. СӨХ бол хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дундын өмчлөлийн эд хөрөнгөө л хариуцдаг. Зам бол нийтийн эзэмшил буюу нийтээрээ зорчих зам тул СӨХ засах чиг үүрэг байхгүй.
-Шинэ хуулийн 5-р бүлгийн 33.1-т “Сууц өмчлөгчдийн холбоо дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, орчны газар, зам, талбайн тохижилтын ажлыг тогтмол хийж, холбогдох зардлыг хариуцна” гэж тусгасан байна. Энд дурдагдаж байгаа зам талбай нь ямар зам талбайг хэлж байна вэ?
-Орчны газар гэдэг нь СӨХ-нд кадастрын зургаар олгогдсон газар багтдаг. Үүн дээр байгаа талбай буюу тоглоомын талбай болон бусад талбайгаа СӨХ засварлах үүрэгтэй. Нөгөө талаар зам гэдэг нь явган хүний замыг хэлж байгаа асуудал. Явган хүний замыг СӨХ хариуцаж, цэвэрлэгээ үйлчилгээг нь хийх үүрэгтэй. Харин тухайн хотхон, хороолол ашиглалтад орохоос өмнө барьж буй барилгын компани нь зам талбайгаа хариуцах ёстой.
-МСӨХДЗ-д хэчнээн СӨХ бүртгэлтэй байна. Мөн эдгээр СӨХ-нд иргэд, оршин суугчдын зүгээс хэчнээн төгрөгийн өр төлбөртэй байна вэ?
-Манай байгууллагад 1054 СӨХ бүртгэлтэй байна. Хууль шинэчлэн боловсруулж байх үед СӨХ-нд иргэдээс төвлөрөх өр 18 тэрбум төгрөг байсан. Үүнээс хойш бид “Цогц өмгөөлөл” өмгөөллийн байгууллагатай хамтраад 2024 он гарснаас хойш 900 сая төгрөгийн авлагыг барагдуулаад байна. Мөн шинэ хуулийн төслийн зохицуулалттай холбоотойгоор иргэд үүргээ биелүүлж байна. Учир нь шинэ хуулийн төслөөр “зургаан сараас дээш хугацаанд СӨХ-ны төлбөрөө төлөөгүй бол Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэнэ” гэж заасан байгаа.
-СӨХ-ны ажилчдын цалинг хэрхэн тогтоодог вэ?
-Цалингийн асуудалд манай байгууллагын зүгээс оролцдоггүй. Цалин тогтоохдоо чиг үүргийн яам нь зохицуулдаг. Гэхдээ бид Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоотой энэ чиглэлд хамтран ажиллахаар Санамжийн төсөл бэлтгэж байгаа. Одоо яг орхигдож байгаа салбар бол нийтийн аж ахуй, тэр дундаа СӨХ байгаа юм. СӨХ-ны нэг үйлчлэгч өдөрт хэдэн м кв талбай цэвэрлэх юм, хэдэн төгрөгийн цалин авч, ямар хангамжтай ажиллах юм гэдэг нь тодорхойгүй байгаа тул энэ чиглэл дээр мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллана.
-Барилгын компаниуд том том хотхон, хорооллууд бариад л байдаг. Яг барилга барьж байх үед эсвэл барилга баригдаж дууссаны дараа ямар зөрчлүүд илэрч байна вэ?
-Хамгийн их асуудал дагуулж, СӨХ-ны нэр хүнд болоод иргэдийг хохироож буй газар нь барилгын компаниуд байна. Чанаргүй барилга бариад хаяад явчхаж байгаа тохиолдлууд их байна. Маш олон байрны доороос хөрсний ус гарч ирж байна. Ашиглалтад ороод 10 жил болоогүй барилгын лифт нь эвдэрч, дээврээс нь ус гоожиж байна. Гэтэл иргэд хамгийн ойроор нь СӨХ руу дайрдаг. Барилгын компанидаа хандахаар “баталгаат хугацаа дууссан, манайх хариуцахгүй” гэдэг. Үүний хамгийн том жишээ нь “Эко констракшн” ХХК-ийн барьсан “Маршал таун” хотхон байна. Хөрсний ус нь 3, 4 газраас булаг ундарч байгаа юм шиг гарч байна. 10-аад лифтний ихэнх нь ажиллахаа больсон. Гэтэл монголдоо бас тансаг зэрэглэлдээ орох хотхон шүү дээ. Энэ мэтчилэн барилгын салбарт монопол тогтоочихсон компаниуд хамгийн их зөрчил гаргаж байна.
-Танай байгууллагад СӨХ-той холбоотой ямар гомдлууд дийлэнхдээ ирж байна вэ?
-Энэ зуны тухайд хог тээвэртэй холбоотой гомдол их ирлээ. Хог ачихгүй байна, хог бөөгнөрч байна гэх асуудлыг СӨХ-тэй шууд холбож ойлгож байна. Гэтэл иргэд өөрсдөө хогны төлбөрөө ТҮК рүү төлдөг. Тухайн дүүргийн ТҮК нь хог тээврийг хариуцах ёстой бол СӨХ нь хогийн бункерийн бүрэн бүтэн байдал болоод ариутгалыг хариуцах чиг үүрэгтэй байдаг. Хоёрдугаарт, СӨХ–ны төлбөр нэмлээ гэх асуудлыг их ирүүлдэг. Жишээ нь “СӨХ-ны төлбөрийг 11-18 мянга болгож нэмлээ” гэх гомдол ирсэн. Гомдлын дагуу шалгахад 400 өрхтэй айл 18 мянган төгрөгийн төлбөр авлаа гэж бодоход 7,2 сая төгрөгийг сард төвлөрүүлж байгаа юм. Гэтэл тухайн СӨХ-нд 10 ажилтан ажиллаад, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660 мянгаар цалинжууллаа гэж бодоход 6,6 сая төгрөг нь зөвхөн цалинд явчхаж байна гэсэн үг. Ингээд төлбөрөө нэмье гэхээр оршин суугчид нь зөвшөөрдөггүй, нөгөө талдаа ажилчдын цалин ийм байхад тэнд ажиллах хүн олддоггүй. Ингээд л СӨХ-ны үйл ажиллагаа тасалдаж, “СӨХ ажлаа хийхгүй байна” гэх жишээтэй. СӨХ-ны төлбөр нэмэгдвэл төлбөрөө төлөхгүй гэсэн ойлголт байхгүй. Үнэхээр төлбөрөө төлөхгүй бол хэрэглээгээ л зогсоох хэрэгтэй. Тэгэхээр оршин суугчид өөрсдөө идэвхтэй байж, СӨХ-тойгоо нягт хамтран ажиллах шаардлагатай байна.
Сэтгэгдэл үлдээх
3 jil bolool bydand hamaagui bolchdog
e
Дэмжих үү?
0 0