Айлчлал угтсан "бэлэг"

Н.Саруулдөл
2024-09-02

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын 3-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилна.

Айлчлалын хүрээнд тэд албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно. Мөн хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурахаас гадна манай эрх баригчид В.В.Путинд зориулж хэд хэдэн “бэлэг” бэлджээ.

Нийтлэлийг зургаар үзээрэй.

“Ахдаа” даалгасан 3-р цахилгаан станц

  • Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг төсөл боловсруулах тухай” хэлэлцээрийг дэмжсэн.
  • Үүнийг нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн байна. 
  • Ингэснээр манай Улаанбаатар хотын эрчим хүчний том эх үүсвэр болох дулааны 3-р цахилгаан станцыг өргөтгөх ажлыг “ахдаа” өгчихлөө гэхэд буруудахгүй. 

Яг яагаад “ахдаа” өгөв?

  • Засгийн газраас 3-р цахилгаан станц нь ЗХУ-ын үед хөрөнгө оруулалт, техник технологи, зураг төслөөрбаригдсан. Тиймээс ОХУ-ын үйлдвэрлэл, тоног төхөөрөмжөөр өргөтгөх нь зүйтэй гэж үзжээ. 
  • Ингээд ОХУ-ын талаас Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хэлэлцээрт гарын зуръя гэдэг хүсэлт илэрхийлснийг нь хүлээж авсан гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлсэн байна. 
  • Б.Чойжилсүрэнгийн хэлснээр ард түмэнд амласан амлалтууд нь энэ хэлэлцээрээс эхэлж буй бололтой. Мөн тэрээр хуралдааны үеэр энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхийг гуйсан аж. 

Зээлийн таатай нөхцөл

  • Засгийн газрын мэдээлснээр ОХУ нь 3-р цахилгаан станцыг зээлийн таатай нөхцлөөр барьж өгөхөө амласан байна. 
  • 3-р цахилгаан станцыг барьж өгөхдөө ОХУ-ын талаас 2 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай санхүүжүүлэхээс гадна үндсэн төлбөрөөс 5 жил чөлөөлнө гэжээ. 
  • Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “3-р цахилгаан станцыг өргөтгөх нь онцгой ач холбогдолтой учир хэлэлцээрийг ОХУ-тай хийх нь зүйтэй” гэв.

Аюулгүй байдал ба гадаад бодлого

  • Засгийн газрын мэдээлснээр уг шийдвэр нь хоёр хөрштэйгөө харилцах харилцааны балансыг тэнцвэржүүлж байгаа гэв. 
  • Манай улсын гадаад бодлогын хүрээнд хоёр хөршөө эн тэнцүүхэн авч үзэх учиртай. Тэгтэл эрчим хүчний салбарт орж ирж буй хөрөнгө оруулалтад энэ тэнцвэр алдагдаж, БНХАУ-ын хөрөнгө оруулалт дийлэнх байгаа аж. 
  • Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр 3-р цахилгаан станцыг ОХУ-аар бариулах нь зүйтэй гэж яригджээ. 

Хэлэлцээрийн нөхцөл

  • Олон улсын гэрээ байгуулагдах учраас Монголын тендерийн хууль үйлчлэхгүй. Орос хэлийг давуу болгоно. 
  • Өргөтгөл, шинэчлэлийг Оросын стандартаар хийнэ. Гэхдээ Монгол Улсын тусгай шаардлагуудыг заавал тусгана.
  • Энэ хэлэлцээрээр зөвхөн зураг, төслийг боловсруулж, 2026 оны хоёрдугаар улиралд зураг, төсөл гарсны дараа барилгын ажлын гэрээг байгуулах ажил эхлэх аж. 

Эгийн голын усан цахилгаан станцын ажил бүрмөсөн зогсов бололтой

  • Засгийн газрын наймдугаар сарын 30-ны ээлжит бус хуралдаанаар “Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай” санамж бичиг байгуулахаар шийдлээ. 
  • Санамж бичгийн хүрээнд Сэлэнгэ мөрний ай савд цэнгэг усны хуримтлал бий болгож нөөц бүрдүүлэх, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлуудыг түлхүү тусгахаар эхний шатны саналуудыг хүргүүлсэн аж.
  • Гэвч санамж бичгийг байгуулснаар Эгийн голын усан цахилгаан станцын ажил бүрмөсөн зогсох эрсдэлтэй болж байна. 

Яагаад зогсох эрсдэлтэй вэ?

  • Эгийн голын усан цахилгаан станцыг барих нь Байгал нуурыг ширгээнэ гэж Оросын талаас байр сууриа илэрхийлж, эсэргүүцдэг.
  • 1991 оноос хойш ийм эсэргүүцэлтэй тулгарч буй уг төсөл нь манай эрчим хүчний салбарыг хараат бус болгоход нөлөө бүхий станцын нэгээр нэрлэгддэг ч одоо хүртэл ашиглалтад ороогүй байна. 
  • Нэг онцлох зүйл нь, санамж бичгийн төслийн дөрөвдэх хэсэгт “Эгийн гол УЦС” төслийг онцгой анхаарна гэж тусгажээ. Харин яаж анхаарахаа тусгасангүй. 

“Ахыгаа” яаж хоосон угтах билээ

Манай эрх баригчид өнгөрсөн долоо хоногт л уг асуудлыг хэлэлцэж, маш хурдтайгаар шийдвэрлэлээ. Засгийн газрын хуралдаан  долоо хоногт 1 удаа болдог ч энэ асуудлуудыг хэлэлцэхийн тулд 2 удаа хуралдав. Яарсны учир нь “Ахыгаа” яаж хоосон угтах билээ гэсэн сайхан сэтгэлээс нь болсон бололтой. Ийнхүү манай улс ийм хоёр том бэлэгтэй “Ахыгаа” угтаж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe