Б.Дамбийням: Сайхан барилга сэтгэлийн чимэг

.Graph
2024-09-05

Өдөр ирэх тусам шинэчлэгдэн өөрчлөгдөж буй Улаанбаатар хотод хүмүүсийн хамгийн их алхах, зугаалах дуртай гудамж, талбай, соёлын болон өдөр тутмын хэрэгцээгээ хангах дуртай байршлууд бол яах аргагүй хотын төв. Тодруулбал 1930-1980 он хүртэл баригдсан барилга, хорооллууд. 

Бага тойруу, Их дэлгүүрийн ойролцоо өргөн чөлөөг даган алхахдаа энэ барилгыг хэн барьсан бол гэх асуулт уншигч танд төрж байв уу? Гэр, эртний сүм хийдээс гадна Монгол архитектур гэж юу болох тэр дундаа классик, модерн урсгалын Монгол архитектурын талаар бид хэр ихийг мэддэг вэ? Монголын их барилгажилтын эрин үед бидний өвөө, эмээ ахмадууд юуг бүтээж бидэнд юуг өвлүүлсэн байдаг бэ?

2024 онд Монгол улсын барилгын салбарын хувьд Улаанбаатар хотын 100 жил, Орчин цагийн хот байгуулалт, архитектур үүсэж хөгжсөний 100 жил, мөн Монгол улсын гавьяат барилгачин, ШУТИС-ийн БАС-ийн анхны эрхлэгч, хүндэт профессор Б.Дамбийням гуайн 100 насны ой зэрэг түүхэн тэмдэглэлт үйл явдлууд давхцан тохиож байна. 

Б.Дамбийням Казанийн Сүмийн баганын урд, Санкт-Петербург, 1951 он

КАТ буюу Контемпорари Архитектурын Төв НҮТББ-ын зүгээс дээрх түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол улсын барилгын салбарт түүхэн хувь нэмэр оруулсан анхны мэргэшсэн архитектор, салбарын сэхээтнүүд болох Б.Чимэд, Б.Дамбийням, А.Хишигт нарийн зохиосон зураг төслийн ажлыг судлах, бүтээлийг нь олон нийтэд таниулан сурталчлах, бүтээлийн ном товхимол бэлдэх, үзэсгэлэн гаргах “ТОДРУУЛГА” төсөл хөтөлбөрийн хандивын аяныг олон нийтэд зарласан байгаа билээ. 

Уг төслийн хүрээнд хийгдэж буй хамгийн эхний ажил бол ШУТИС-ийн БАС-ийн анхны эрхлэгч, хүндэт профессор Б.Дамбийням гуайн намтар ном болон түүний бүтээлийн үзэсгэлэн юм. Уг үзэсгэлэн номын нээлтийг 2024 оны 9 дүгээр сарын 6-ы өдрийн 17 цагт Монголын Урчуудын эвлэлийн 2-р давхарт “Бичиг соёл төв”-ийн үзэсгэлэнгийн зааланд тэмдэглэхээр зорин ажиллаж байна.

Архитектур бол хүн төрөлхтний бүтээсэн агуу соёлын нэг салбар бөгөөд хот нь хүн төрөлхтний бүтээсэн соёлын өлгий билээ. Улаанбаатар хотын төв бол дээрх ууган гурван архитекторуудын бүтээлээр бүтсэн онцлогтой. Та бүхэн үзэсгэлэн болон намтар номтой танилцсанаар хотын гудамжаар алхах бүрт бодол тань солонгорон дэлгэрч шинэ мэдлэгээр сэтгэл нүд баясах буй. 

КАТ-ийн зүгээс Улаанбаатар хотоос гадна Монгол улсын орчин үеийн хотын соёл, түүхийг бүтээсэн эрхмүүдийн талаар тантай хуваалцах болсондоо таатай байгаагийн сацуу архитектор Б.Дамбийням гуайн амьд ахуйдаа Барилгын яамнаас эрхлэн гаргаж байсан “Барилгачин” сэтгүүлд өгсөн ярилцлагыг зохиогчийн зөвшөөрөлтэй ахин нийтэлж байна. 

Уг ярилцлага хэдий 1982 онд хийгдсэн ч өнөөдрийг хүртэл энэ салбарын эрхмүүдийн бодож санаж явдаг асуултад хариулж чадсан өргөн утгатай, энгийн ойлгомжтой үг хэллэгтэй, дахин бодуулах санаа ихтэй ярилцлага болсон тул тунгаан бүрэн эхээр нь уншина уу.

Сурвалжлагчийн оршил

Уншигч та энэ удаа МУИС-ийн Политехникийн институтийн Барилга-архитектурын факультетын декан, БНМАУ-ын гавьяат барилгачин, архитектор Бандийн Дамбийнямтай ярилцана. Энэ хүн 1924 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хотоос холгүй орших тунгалаг уст Хилого голын хөвөөнд төрсөн хүн. Домогт Тужийн нарс, Хяраан харуул, Хутаг- Өндөр уул энэ хүний жаргалтай бага насаа үдсэн дурсгалт газрууд билээ. 

Б.Дамбийням 1956 онд Москвагийн архитектурын институт төгсөгснөөр манай улсын барилгын салбарт 3 дах дээд боловсролтой мэргэжилтэн, 2 дох архитектор болсон юм. Тэр цагаас хойш эдүүгээ хүртэл 26 жил манай орны сүр жавхаа болон сүндэрлэсэн барилга байгууламжийн зураг төсөл зохиох, барилгын үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт, материаллаг баазыг бэхжүүлэх, барилгын салбарт дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх үйл хэрэгт ухамсарт амьдрал авьяас билгээ зориулж яваа ахмад барилгачин, уран бүтээлч, МАХН-ын тэргүүний гишүүн билээ. 

Оюутан цагийн зураг, сийлбэрийн хичээл, 1950-д он Москвад

-Дамбийням гуай таныг барилгатай ажил амьдралаа холбож архитектор мэргэжилтэй болгоход чухам юу нөлөөлсөн бэ?

-Би багаасаа зураг зурах дуртай хүүхэд байлаа. Төрсөн нутгийнхаа уул, ус, уралдааны хурдан хүлэг зурдаг байв. “Чи будаг, бийр, цаас, гурвыг нийлүүлэхгүй л бол санаа амардаггүй хүүхэд байлаа” гэж хар нялхаасаа өнчирсөн намайг хүлгийн дөрөөнд хүргэсэн хойт эх минь хожим ярьдаг сан.

Алтанбулагийн дунд сургуулийн тавдугаар ангид байхад минь тэр үеийн авьяаслаг зураач, сүүлд БНМАУ-ын гавьяат зураач болсон Чойдог манай сургуульд багшаар ирсэн. Энэ хүний байгуулсан зургийн дугуйланд орсноор миний зураг зурах хүслэн биелж эхэлсэн. Чойдог багшийн зааж сургасан их эрдмийн ачаар энэ мэргэжлийг сонгосон юм. Сайн хүний үлгэрлэн дагуулах нөлөө өчүүхэн авьяасыг өөд татаж амьдралын зорилгыг заах луужин болдог юм байна гэж би боддог. 

-Та 1956-1961 онд манай орны зураг төслийн байгууллагад ажиллаж байсан. Энэ үедээ зохиосон зураг төслийнхөө талаар ярина уу.

-Энэ үед манай зураг төслийн байгууллагад дээд боловсролтой боловсон хүчин их дутагдаж байсан. Ийм учраас эхэн үедээ манай улсын анхны инженер Мотоо, анхны архитектор Чимэд бид гурав бүх л зураг төслийг зохиоход оролцож байлаа. 

Тэр үед олон давхар орон сууц, үйлдвэрийн газруудын барилга байгууламжийн зураг төсөл бараг зохиодоггүй байв. Голдуу цөөн давхар орон сууц, хөдөө аж ахуйн барилгын зураг төсөл зохиож байсан ч гэсэн бид маш их амжилттай байсан. Харин Бямбадорж, Дондог, Баасанжав, Аюурзана, Даш нарын зэрэг чадалтай техникчид их тусалдаг байлаа. Бас Зөвлөлтийн мэргэжилтэн Козлов, Власлов нар бидний гол түшиг болж байсан юм. 

Миний хувьд ойролцоогоор 150 шахам барилга байгууламжийн зураг төсөл, сум суурин газрын ерөнхий төлөвлөгөө зохиоход оролцсон. Зураг төслийн ажил хамт олны бүтээл учир би "оролцсон" гэж хэлэх дуртай. Уг нь би зохиогч (автор) юм шүү дээ. Эдгээрээс зарим томоохныг нь нэрлэвэл Пионерын ордны барилгууд, Эрүүл ахуй халдвар нян судлалын улсын институт, Төв гал команд, Цацраг туяа эмнэлэг, Халдвартын больниц, Сонгинын амралт, Улаанбаатар хотын ахуйн үйлчилгээний төв (манайхан урт цагаан гэж нэрлэж заншжээ), Ховд аймгийн хөгжимт драмын театр зэрэг барилгыг хэлж болно.  

Урт цагаан(Улаанбаатар хотын ахуйнүйлчилгээний төв)  Гэрэл зургийг архитектор Г.Нямцогт 1984 он

-Та уран бүтээлч хүний хувьд эдгээр бүтээлүүддээ чухам ямар өвөрмөц шинжүүдийг тусгахыг эрмэлздэг вэ? 

-Товчоор хэлэхэд дэлхийн сонгодог архитектурын уламжлалыг Ази, Дорно дахины архитектурын өвөрмөц онцлогтой холбож, үндэсний шинжийг гаргахыг чадлын хирээр хичээж байлаа. 

Зохиосон барилгуудынхаа зураг төсөлд барилгын багана, хаалга цонхны хөвөө, карниз, тагтны хээ чимэглэл, дээврийн хэлбэр зэргийг аль болох үндэсний болоод сонгодог архитектурын уламжлалыг хөгжүүлэн хослуулж, хүмүүст хялбар ойлгомжтой, хөнгөн хэллэгтэйгээр тусгах зорилт тавьж ажилласан. Энэ бол миний бусад архитекторуудаас ялгарах гол шинж гэж өөрөө боддог. Тэгэхээр архитектур нь тухайн үеийн дэвшилтэт үзэл санааг шингээсэн ард түмний урлаг учир өвөрмөц шинжийг хадгалснаараа онцлогтой юм. 

-Жинхэнэ архитектор болоход юу хэрэгтэй гэж та боддог вэ?

-Архитектор болоход юуны түрүүнд бага ч гэсэн зураг зурах авьяас хэрэгтэй. Бас аливааг сонор соргогоор тусган авах мэдрэмж үргэлж шинийг бодож сэтгэж, харьцуулж сурах чадварыг эзэмших хэрэгтэй. Үүний тулд их ном уншиж их зүйл мэдэх ёстой. Өөрөө хэлбэл боловсролынхоо түвшинг дээшлүүлж байх шаардлагатай. Манай ихэнх архитекторууд дээрх чадваруудыг эзэмшсэн юм. Харин бидэнд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол уйгагүй хөдөлмөрч чанарыг эзэмшсэн цагт л "жинхэнэ" архитектор болно гэж боддог.

Дамбийнямын 60 насны ой болон үзэсгэлэнгийн нээлтийн үеэр урд эгнээгээр Майдар, Дагшигдорж, Хишигт, Лувсангомбо нар, 1984 оны 10-р сарын 20

Хамтран ажилласан: Контемпорари Архитектурын Төв 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe