Дүүжин тээврийн кабиныг үйлдвэрлэж эхэлжээ

Ж.Номин
2024-09-09

Оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин тээвэр буюу “Улаанбаатар кабель кар” төслийг хэрэгжүүлж, гүйцэтгэгчээр Франц улсын “Пома” групп ажиллаж буй. 

Яармагийн Арцатын амнаас Сонгинохайрхан дүүргийн Өнөр хороолол хүртэл 4.2 км урт замыг 11 минутад туулах 98 кабин бүхий дүүжин замын тээврийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж буйг албаныхан мэдээллээ.

Тодруулбал, эхлэл, төгсөл хэсэг дэх зогсоолууд болон 19 тулгуур баганын барилга угсралтын ажлыг эхлүүлэх хүрээнд газар ашиглагч байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэжээ.

Харин нарийвчилсан зураг дизайныг Барилгын Хөгжлийн Төвийн дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, төслийн гүйцэтгэгч "Пома" групп кабины үйлдвэрлэлийг эхлүүлсэн байна.

Уг төсөл хэрэгжсэнээр оргил цагийн үед нэг чиглэлд нэг цагт 30 орчим автобус дүүрэн зорчигчтой тэнцэх хэмжээний зорчигч тээвэрлэж, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 4, 23 дугаар хорооны оршин суугчид үр нөлөөг нь хүртэх аж. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe