Намуудын "цэгцрэх хөдөлгөөний" асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ

Ц.Чимэдцэеэ
2024-12-02

Илүү сартай зун шиг дулаахан намар дуусаж, хүйтний жавар тачигналаа. Байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой гэж хэлж болохоор Монголын улс төр ч "халуухнаа" алдаж, хүйтэн жавар, цасан шуургатай өрнөх янзтай. Учир юу гэвэл, улсын хэмжээний эрх ашиг, бодлого ярьж, мэтгэлцэх учиртай парламентын 126 толгойд ул суурьтай шүүмжлэл, шүүс нь шавхартал базсан аргумент дутагдсан хэвээр.

Харин дөхөж явсан Ж.Баярмаа, Д.Энхтүвшин тэргүүтэй хэдэн нөхдөө "төсөв саатуулсан" хэргээр чуулганы индрээс гөлөлзтөл "мялж" аваад "дарах" шиг боллоо.

Тухайлбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Өөрсдийгөө тодруулах гэсэн зарим улс төрчид санаатай, санаандгүй байдлаар УИХ-ыг муухай харагдууллаа, өнөөдөр төсвөө ч баталж чадахгүй хэмжээнд хүрлээ" хэмээн хэнд хаягласан нь тодорхой дургүйцлээ илэрхийлээд амжсан. Зарчим ярьж, төсвийн булайг нь илчилсэн чинь буруу, чимээгүй байсан бол алдаатай төсвөө батлаад, бүгдээрээ "царайлаг харагдах ёстой байсан" ухааны л юм хэлж байх шиг харагдсан.

Энэ хүрээд, хонгилын үзүүрийн гэрэл хүлээх хэрэг байгаа эсэх нь тун эргэлзээтэй.

Нэгдүгээрт, Засгийн газар дахин ирэх оны төсвийг боловсруулан УИХ-д өргөн барина. Наана нь Төсвийн тухай хуулийн төсөл өргөн барих цаглабарыг өөрчлүүлэх хуулийн төслийг хэлэлцүүлүүлэхээр тогтсон. Үүнийг хууль тогтоогч, гүйцэтгэгч аль аль талдаа бушуухан нааштай шийдэх нь ашигтай тул асуудал гарахгүй биз.

Харин төсвөө дахин боловсруулахдаа өмнөх алдаагаа засаж, "бөөс хуурсаа" түүх эсэх нь эргэлзээтэй.

Сангийн сайд Б.Жавхлан "Төсөв танах шаардлагатай бол шүүхийн төсвөөс хасна" гэж барьцаалсан, ач холбогдлыг нь баллуурдсан шинжтэй үг унагаж байсан удаатай. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин "мөсөн уулын орой" гэгдэх ваучер тараах 18.3 тэрбумаа цээжээрээ хамгаална хэмээн "Лхагвын тойм" нэвтрүүлгийн үеэр хэлсэн.

Эндээс харахад, Засгийн газар дээрэлхэж сурсан шүүх засаглал зэрэг хэсгээс мөлчийтөл нь танаад, данхайж, далдайж, олон нийтийн дургүйцлийн хүргэсэн зардлаа хамгаалаад үлдэх магадлал өндөр байна.

Хоёрдугаарт, УИХ-ын Тамгын газрын тов ёсоор энэ баасан гарагт (2024.12.06) намуудын "цэгцрэх хөдөлгөөний" асуудлыг хэлэлцэнэ. Намууд он дуусахаас өмнө хуралдаж, дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа хуульд нийцүүлэх арга хэмжээг 2027 оны наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулах тухай юм.

Энэ нь Хууль тогтоомжийн тухай хууль, Үндсэн хууль зөрчсөн болох нь тодорхой ил болсон. Бас л Засгийн газар хэнэггүй гэгч нь өргөн барихад,  Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжиж, түүнийг нь чуулганаар мөн адил дэмжин, УИХ хэлэлцэх нь зүйтэй хэмээчихсэн.

Үндсэн хууль зөрчих хэмжээний асуудал гэдгийг салбарын мэргэжилтэн, хэвлэл мэдээллийнхэн анхааруулсаар байтал ийнхүү хүлээж авсан нь тэд хэдийн сэтгэл шулуудсаных болов уу.

Ийнхүү тэд төмөр нүүрээ дахин харуулж, иргэд рүү сурсан зангаараа хүйтэн салхи үлээлгэх эсвэл лааны ч болтугай дулаан гаргаж, цөөхөн ч гэсэн олон нийтийн эрх ашгийг хамгаалан, дуу хоолойгоо илэрхийлэхийн аль нь тохиохыг анхааралтай ажих л үлдлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe