УИХ-ын нэгдсэн чуулганаар Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 87 гишүүн дэмжсэнээр эцэслэн баталсан.
Хууль баталсны дараа УИХ-ын дарга төслийн эцсийн найруулгыг сонсгож, УИХ-ын гишүүдээс холбоотой санал авахаар тогтсон.
Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, О.Очирбат, Б.Пүрэвдорж нар шил даран, МАН-ын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой шүүмжилсэн өнгө аяс бүхий үг хэлэв.
Хамгийн сүүлд Б.Пүрэвдорж гишүүн "Манай АН-ын нөхдүүд, олон олон шинэлэг бодолтой тэр хүмүүс төрд орж, тодорхой хэмжээний харилцан хяналттай байх тэр бүх зүйлүүдийг чинь хийх ёстой байхгүй юу. Ийм юм ерөөсөө хийхгүй, Засгийн газарт 8 сайд тавьчихаад л болоо гэдэг байдлаар асуудалд хандах юм бол манай нам энэ хуулиар асуудалд ханддаг нам биш ээ. Манай нам бол хуультай, хуульгүй намынхаа даргыг шийдээд, цаашаа.." гээд үгээ дуусгаагүй байхад нь түүний микроныг хаалаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ тухайгаа "Эцсийн найруулгатай холбоотой санал хэл, улс төрийн мэдэгдэл хийгээд байх юм" хэмээн Г.Дамдинням гишүүний микрофоныг нээсэн.
Б.Пүрэвдорж гишүүний хэлсэн үгний ньюансаас харахад, АН-ын дотоод уур амьсгал тун сайнгүй ба хуулийн хугацаа хойшилсон хойшлоогүй их хурлаа хийж, Лу.Гантөмөр даргыгаа солих нь асуудал биш хэмээн итгэлтэйхэн сануулаад авах шиг.
Харин УИХ-ын гишүүн Г.Дамдинням "МАН-д энэ намын хуулийг нэг жилээр сунгах ямар ч хэрэгцээ байхгүй шүү дээ. Та нарын(АН) гуйлтаар л хийж байгаа гэж ойлгож байгаа. Хамтарсан Засгийн газрыг ажлаа хийг гээд, Монголын ард түмэнд хэрэгцээтэй ажлуудыг хийг, том том төслүүдээ явуулаг гэж манай нам тулхтай, түшигтэй, алсын хараатай учраас та нар за яахав дээ л гэж байгаа шд" хэмээв.
Түүний энэ үг намын ах нарынх нь "өөхөнд хучсан бөөр" лугаа нандигнан нууцалж, "жижиг" намуудаар халхавчлан байж хуулийн төслөө өдий зэрэгт авчирсныг илчилж орхилоо.
Үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг барцадтай ч батлагдсан хууль хэд хоноод, цэцийн танхимд унахыг хүлээх л үлдлээ. Учир нь энэ өөрчлөлт Хууль тогтоомжийн тухай хууль зөрчиж, Үндсэн хуулиар баталггаажсан "хууль дээдлэх ёс"-ыг эвдсэн байх тун магадтайг салбарын хуульч нар сануулсан билээ.
Сэтгэгдэл үлдээх