УИХ-ын гишүүн А.Ундраа Богд уулыг нүхлэх тендерийг цуцлахгүй бол суулт зарлана гэв

Ж.Номин
2024-12-13

Өнгөрсөн долоо хоногт буюу 12 сарын 9-нд УИХ-ын гишүүн А.Ундраа Богд уулыг нүхлэх “Хөшигийн хөндий туннел” төслийн ТЭЗҮ, зураг төсвийн 55.3 тэрбум төгрөгийн тендерийг цуцлахыг шаардаж байгаагаа илэрхийлж байсан. 

Тэгвэл өнөөдөр буюу 12 сарын 13-нд албан ёсоор Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд шаардлага хүргүүлжээ. 

Уг тендерийг цуцлахыг шаардахдаа дараах үндэслэлүүдийг тусгасан байна. Үүнд: 

  1. Богд Хан уул бол Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг бөгөөд ой мод бүхий онцгой экосистем бөгөөд Улаанбаатар хотын уур амьсгалыг тэнцвэржүүлэгч чухал бүс нутаг. 
  2. Уг төсөл нь зөвхөн нисэх онгоцны буудал руу зорчих иргэдийн замыг товчлох бөгөөд эдийн засгийн үндэслэлийн хувьд үр ашиггүй, хэт өндөр өртөгтэй төсөл. 
  3. Тус төсөл нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцын хүрээнд хүлээсэн үүргийг илт зөрчиж байна. Тухайлбал, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийг зөрчинө. Мөн НҮБ-ын “Биологийн олон янз байдлын тухай” конвенцэд нэгдэн орсон улсын хувьд байгалийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээх, унаган төрхийг хадгалах үүргийг зөрчих эрсдэлтэй хэмээн үзжээ. 

Ийнхүү тендерийг нэн даруй зогсоохгүй бол хууль ёсны арга хэмжээ авна гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Цаашлаад Захиргааны хэргийн шүүхэд гомдол гарган, улс төрийн жагсаал, суулт болон бусад эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулна гэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe