Евразийн эдийн засгийн холбоотой "Чөлөөт худалдааны түр хэлэлцээр" байгуулах ажлын хэсгийн ахлагч С.Амарсайхан өнөөдөр (2024.12.17) дотоодын хүнс үйлдвэрлэгчдийг хүлээн авч, уулзаж байна.
Сануулахад, манай улс Евразийн эдийн засгийн холбоотой "Чөлөөт худалдааны түр хэлэлцээр", БНСУ-тай "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" байгуулах гэж буй. Энэ асуудлыг олон нийтэд дэлгэснээс хойш дотоодын үйлдвэрлэгчид болон эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй талаар мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлээд байгаа.
Ялангуяа Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах "Чөлөөт худалдааны түр хэлэлцээр"-ийг үзэглэхээр энэ сарын 20-нд товлосон талаар мэдээлж байсан ба хэтэрхий түргэдсэн шийдвэр хэмээн шүүмж дагуулсан.
Уг хэлэлцээр нь 2 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ба 375 нэр төрлийн бүтээгдэхүүнийг харилцан солилцож, манай улс импортын татвараа тэглэнэ хэмээж буй. Энэ нь ажил хэрэг болох л дутуу байна хэмээн Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Л.Гантөмөр мэдэгдээд байв.
Тэгвэл С.Амарсайхан болон хүнс үйлдвэрлэгчдийн уулзалтаар ямар шийдэл гарах нь тодорхойгүй ч юу яригдсаныг нь тамаглаж болохоор. Учир нь МҮХАҮТ-аас өнгөрсөн долоо хоногт яг энэ асуудалд холбогдох хэлэлцүүлэг зохион байгуулж төр хувийн хэвшлүүд харилцан санал солилцсон.
Үр дүнд нь хэлэлцээрт багтсан бүтээгдэхүүний жагсаалтыг дахин хянаж үзэх, байгуулах хугацааг хойшлуулах зэрэг арга хэмжээ хэрэгжүүлэх магадтай. Харин энэ хэлцлийг ахиулах гарц гаргалгааг Монгол Улсын Шадар сайдын уулзалт гаргаж чадах эсэхэд чих тавин хүлээж байна.
Сэтгэгдэл үлдээх