Өнчирч үлдсэн дөрвөн хүүхэд хандиваар авсан байраа албан ёсоор өөрсдийн нэр дээр шилжүүлжээ.
Тодруулбал, 2022 онд 6-17 насны бүтэн өнчин дөрвөн хүүхэд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд хүнд байдалд амьдарч буй талаар хэвлэлүүд сурвалжилж, “Багшийн хайр” ТББ хандив цуглуулан хүүхдүүдэд байр авч өгсөн байдаг.
Гэтэл саяхан тус хандивын аяныг санаачилсан, одоогийн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа хүүхдүүдийг байрнаас нь хөөж гаргана, хөгшин багшийг байранд нь оруулна гэж цамнан, олон нийтийн дургүйг хүргээд амжсан.
Уг асуудлыг олон нийтэд дэлгэн, болсон явдлыг тайлбарлан, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалахын төлөө эцсээ хүртэл явна гэж мэдэгдсэн багш Б.Идэржавхлан өчигдөр цахим хаягтаа пост хийжээ.
Тэрбээр "Үнэн зүйл ялдаг! Ямар ч байсан хүүхдүүд маань байраа өөрсдийн болгож шилжүүлж авсан баяртай мэдээг хуваалцъя! Ингээд тэд маань өнөөдрөөс улс орондоо өрх салгаж албан ёсны өмчтэй айл гэр, ам бүл боллоо! Дэмжсэн, итгэсэн, тусалсан, бас хардсан, муулсан хараасан, итгээгүй бүгдэд нь маш их баярлалаа! Хүүхэд бүр аз жаргалаар бялхаж байг ээ!” хэмээсэн байна.
Сэтгэгдэл үлдээх