О.Сэргэлэн: П.Батчулуун эмчийг буруутгасан явдлаас хойш амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогссон

Ж.Номин
2025-03-19

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах үндэсний багаас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

УНТЭ-ийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 2011 оноос хойш нийт 306 хүнд элэг шилжүүлэн суулгажээ. Үүнээс 17 нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгасан буюу нийт мэс заслын 5-хан хувийг тархины үхэлтэй донороос хийсэн байна. 

Монгол Улс амьд донороос нэг сая хүн амд элэг шилжүүлэн суулгасан тоогоороо 2023, 2024 онд дэлхийд 1-рт орж байна. 

Гэтэл ДЭМБ-аас “амьгүй донороос элэг шилжүүлэн суулгавал нэг ч хүний эд эрхтнийг хөндөхгүй байх давуу талтай” гэж үздэг ч манай улсад хангалтгүй байгаа юм. Иймд уг бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвд Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулж, Гавьяат эмч П.Батчулуун даргаар нь ажиллаж байв. Тус алба байгуулагдсанаас хойш талийгаач болсон 270 гаруй хүний ар гэрт санал тавьснаас 31 хүний ар гэрийнхэн зөвшөөрч, донор болж байжээ. 

Өдгөө Элэг шилжүүлэн суулгах үндэсний багт элэгний үйл ажиллагаа нь эргэшгүй өөрчлөлтөд орсон 430 хүнд амьд донор олдохгүй, тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалтад амь гуйгаад байж байна. 

Өнгөрсөн хугацаанд 30 гаруй хүн донор хүлээж байгаад бурхан болчихлоо. Цаашид хэчнээн хүн донор хүлээж байгаад өнгөрөх вэ. Оюутнууд хүртэл энэ салбар руу орохоос айж байна хэмээн эмч нар учирлаж байна. П.Батчулуун эмчийг буруутгасан явдлаас хойш амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогсоод байгаа аж.

Дэлхийд 1 донороос эрхтэн авбал 10 хүний амийг авардаг. Харин Монголд 3 хүний амийг аварч, 10-аад хүний амьдралын чанарыг сайжруулдаг аж. 

Тархины үхэлтэй донор гэж юу вэ?

Тархины бүхий л үйл ажиллагаа эргэж сэргэхгүйгээр зогссон байвал тархины үхэл гэж үздэг. Тархинд цус харвах, бэртэл гэмтлээс үүдэн тархи бяцрах, няцрах зэргээс шалтгаалж тархи үхэждэг. Тархи үхсэн байх үед хэд хэдэн шинж тэмдэг илэрдэг. Тухайлбал, тухайн хүн ухаангүй байх, унтуулах, тайвшруулах, өвчин намдаах, булчин сулруулах эмийн бодис хийгээгүй нөхцөлд өвдөлтийн хүчтэй цочрол өгөхөд ямар ч хариу урвал үзүүлэхгүй байх, амьсгал зогсох зэрэг орно.

Монгол Улсад тархины үхлийг тодорхойлох MNS 4621:2008 гэх стандартын дагуу мэргэжлийн 5-6 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг.

Ийнхүү 6 цагийн зайтай 2 удаа олон янзын шалгуур сорилыг тавьдаг. Тархины үхэл нь батлагдвал Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах зохицуулах албад мэдэгддэг. Уг албаныхан ар гэрийнхэнтэй нь очиж уулзаад, гэрийнхэн нь зөвшөөрсөн тохиолдолд мэс засал хийдэг эмнэлгүүдэд мэдээлэл өгдөг. Мэдээллийн дагуу эмч нарын баг очиж,  цусны эргэлттэй байгаа хүнд мэс засал хийж, эрхтэйнүүдийн авдаг. Нас барсан хүн бүрээс эрхтэн авах боломжгүй. Тархинаас бусад эрхтний цусны эргэлт нь хэвийн байгаа донороос эрхтэн авдаг. 

Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн:

- Эмч ч гэсэн адилхан хүн шүү дээ. Бусадтай л адил өвддөг зовдог. Одоогоор П.Батчулуун эмчийн биеийн байдал тун муу байгаа. Сэтгэл санаа нь ч хүнд байна.  Тэрбээр, суурь өвчин ихтэй. 2013 онд Донорын хуулийн хэлэлцүүлдэг хийх гээд хурал зарлачихсан байхад П.Батчулуун эмч гэнэт ухаан алдаж унаад, зүрх нь зогссон. Бараг 16 минут зүрх нь зогсож, 5 удаа зүрхний гол титэм судсанд тэлэгч тавиулж байсан. Хамгийн сүүлчийнх нь хууль шүүхээр шалгагдаж эхэлсний дараа буюу өнгөрсөн 2-р сард суулгуулсан. Мөн чихрийн шижин өвчтэй, зүрхний үйл ажиллагаа явуулах магадлал нь 33 хувьтай байгаа.

Ер нь бол хэзээ ч зүрх зогсох магадлал өндөр байгаа. Эрүүл мэнд нь ийм хүнд байдалд байгаа хүн өнөөгийн хууль шүүхийн маргааныг тэсэж гарна гэдэг хүнд. Эмч бид нар П.Батчулуун эмчийг гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байгаа. Тиймээс П.Батчулуун эмчид өршөөл үзүүлээч гэж хүсэж байна. 

Э.Ганбат: Монголын шүүхийн практикт өмнө нь шийдвэрлэгдэж байгаагүй хэрэг учир УДШ-д гомдол гаргана

П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат: 

- Гурван шатны шүүхээр гомдол гаргаж аливаа хэргийг шийдвэрлүүлдэг. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хуульчийн ёс зүйн талаасаа хүндэтгэлтэй хандаж байгаа. Давж заалдах шатны магадлал хараахан гараагүй байгаа. Бид Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй. УДШ бүх гомдол маргааныг авч хэлэлцдэггүй. Гэхдээ энэ тохиолдлын хувьд авч хэлэлцэх хуулийн зохицуулалт нь байгаа гэж үзэж байна. 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-д заасан тохиолдлуудаар УДШ-д гомдол гаргавал дахин авч хэлэлцэх хуулийн зохицуулалт байна. 

Тодруулбал, 40.1.4-т зааснаар “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байвал” дахин хэлэлцэх боломжтой юм.  

2002 онд хүний эд эрхтнийг хууль бусаар авахыг гэмт хэрэг гэж үзэхээр анх хуульд оруулсан. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд монголын шүүхийн практик ийм хэрэг маргаан нэг ч шийдвэрлэгдэж байгаагүй. Шинэ хуулийн ойлголт, зохицуулалтыг авч хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэнэ, тэндээс цаашид ингэж шийдэх юм байна гэх практик тогтоно. 

Эргэн сануулахад, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан Гавьяат эмч П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэж гэм буруутайд тооцон анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял оноосон. Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан тул хүний эрүүл мэндийн төлөө ажилласан эгэл жирийн эмч  Хорих 461-р анги руу хүргэгдсэн юм. 

Сэтгэгдэл үлдээх

Нөгөө “ шантаажилж” мөнгө олдог бузартай сэтгүүлч нэртэй луйварчин ийм л аюул тарьлаа.

Зочин

Дэмжих үү?

0 0

Шийтгэмээргүй байна, шийтгэсэн ч өөрөөр шийтгэж болохгүй юмуу. Хууль бус юм хийнэ гэж юу байхав дээ. Даанч хууль нь ч хууль юмдаа хөөрхий

Н.Оюунчимэг

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe