“Миний” дэлгүүрийн агуулахад гарсан галыг унтраахаар ажиллаж байгаад амиа алдсан онцгой байдлын алба хаагч Д.Жанчивын ар гэрийн зүгээс өнөөдөр мэдээлэл хийсэн. Уг мэдээлэлтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагуудаас албаны хүмүүсээс тодруулга авах хүсэлт ирүүлсний дагуу ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.
Гал унтраах үйл ажиллагаанд нийтдээ 120 гаруй төрлийн техник хэрэгсэл ашигладаг. Онцгой байдлын байгууллага объектын буюу ой хээрийн түймрийн гал унтраах ажиллагаанд тусгайлан зориулсан хувцас хэрэгсэл ашигладаг байна. Сүүлийн жилүүдэд төрөөс онцгой байдлын байгууллага руу дэмжлэг туслалцаа үзүүлж, төсөв тавьснаар худалдан авалт сайжирсан гэдгийг албаны хүн хэллээ.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд:
-2019 онд ашиглаж буй хувцас бүрийг тухай бүрээр нь салгаж стандартчилсан. Мөн хувцаснаас гадна гал унтрааж байгаа автомашиныг хүртэл тусгай стандартын дагуу худалдан авдаг.
Үзүүлэнд харуулж буй хувцас нь дөнгөж сая гал унтраахад өмсчхөөд ирсэн худалдан авалтаар авсан евростандартын хувцас. Үүнээс гадна төслийн хүрээнд Франц, БНПУ, Австрали Улсаас машинууд авч байгаа.
Ер нь 2015 оноос онцгой байдлын байгууллагын хувцас хэрэгсэл системтэйгээр евростандарт руу шилжсэн. Мөн 2022 оноос хойш шинээр нэмэгдсэн нэг техник хэрэгсэл нь дохиолол хөдөлгөгч. Өөрөөр хэлбэл, утаатай орчинд гал сөнөөгч 10-15 секундээс дээш хугацаанд хөдөлгөөнгүй, хүчилтөрөгчийн баллоны цэнэг дууссан үед ойр орчимдоо дуут дохио өгч GPS-ээр олох төхөөрөмж юм.
Түүнчлэн хамгийн сүүлд худалдан авалтаар нийлүүлсэн амьсгалын баг маань дотроо станцтай, бие биетэйгээ шууд чөлөөтэй яриа өрнүүлэх, холбооны техник хэрэгсэлтэй байгаа. Жил бүрийн төсөв дээр дэлхийд шинээр нэвтэрсэн шинэ техник төхөөрөмжийг судалж худалдан авдаг.
Одоо хүн бүр тусдаа амьсгалын төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэлтэй ажиллаж байгаа. Өмнө нь дундаа нэг хувцастай, дамжуулаад л өмсдөг байсан.
Объектын түймрийн хамгаалах тусгай хувцасны нормыг 2 жилд 1 удаа өгдөг. Эсвэл 500 удаагийн гал түймрийн дуудлагад өмсөн бол дараагийн хангалтыг хийх байдлаар явдаг. Хэрэв гал түймэр унтраах үйл ажиллагааны явцад түлэгдэж, урагдвал тухай бүрд нь нөхөн хангалт олгодог.
Түүнчлэн 120 гаруй төрлийн багажийн элэгдэл, хоргодлыг харж байгаад жил бүр худалдан авалт хийдэг. Нэмээд шинээр гарч байгаа хүний ажиллагааг хөнгөвчилсөн багаж техникийг худалдан авдаг. Тухайлбал, гал сөнөөгчийн хувийн гогцоог энэ жилээс нэвтрүүлэх гэж байна.
2024 оны 1 сард гарсан Дүнжингаравын ослоор амиа алдсан алба хаагчдын ар гэрт олгосон орон сууцыг Онгой байдлын албанаас олгоогүй. Орон нутаг буюу НЗДТГ-аас олгосон. Харин 2024 оны 4 сард гарсан “Миний” дэлгүүрийн гал түймэрт амиа алдсан алба хаагчийн ар гэрт Гамшгаас хамгаалах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Шадар сайд, Засгийн газраас батлагдсан тогтоолын дагуу “Албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан тохиолдолд олгох тэтгэмж”-ийг онцгой байдлын байгууллагаас олгосон гэв.
Сэтгэгдэл үлдээх