ШҮҮХ: Дүнжингаравын ослын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Ж.Номин
2025-04-22

"Дашваанжил" компанийн удирдлага Г, жолооч Р нарт "Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон", "Хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан" хэрэгт яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн билээ. Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, түр завсарласны эцэст хуралдаан даргалагч 17:00 цагт шийдвэрээ танилцуулав.  

Ийнхүү шүүх бүрэлдэхүүн хуралдаад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.1, 33.2, 33.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэлээ. 

Үүнд дараах нөхцөл байдлуудыг шалгах шаардлагатай гэж үзсэн байна. 

  1. Зарим иргэнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөн байцаагчийн тогтоол нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, иргэний нэхэмжлэгч бус этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь оролцогчдын эрхийг хязгаарласан байна гэж дүгнэсэн.
  2. Зам тээврийн осол болсон талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэж үзэн дахин шинжээч томилохоор шийдвэрлэв. 
  3. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19.2-т зааснаар гал түймрийн аюултай бодис тээвэрлэж байгаа этгээд онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас галын аюулгүй байдлын дүгнэлтийг хэрэгт аваагүй. Мөн Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан бүрэлдэхүүнт шинжээчид “207-р байр Галын аюулгүй байдлын тухай хуулийн шаардлагыг хангаагүй” гэх тодорхойгүй дүгнэлт гаргасныг дахин тодруулах шаардлагатай гэж үзлээ. 

Ийнхүү өмнөх шинжээчдийг сольж дахин шинжээч томилох бөгөөд цаашлаад хэргийн зүйлчлэлд нөлөөлөх магадлалтай аж. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe