Улаанбаатарын иргэд бид бороо орохоор “айдаг”. Учир нь гудамж талбай, замаар ус тогтож, зам бродюр эвдэрч сүйдэн иргэдийг зутраадаг. Харин Ханбогдынхон ямар ч бороонд хууларч эвдрэхгүй, ус зайлуулах бүрэн систем, танк тунгаагуур өвч бүрэн, жинхэнэ чанар стандарт “ханхалсан” замаар зорчиж байна.
Зургаар харах бол энд дараарай.
Энэхүү замыг Оюу толгой ХХК Ханбогд сумын хөгжлийг хурдасгах 50 сая долларын хөрөнгө оруулалт бүхий төслийн хүрээнд шат дараатай барьж буй юм. Тэд “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгой” санг 2022 онд байгуулж, таван жилийн хугацаанд дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн чиглэлд хөгжлийн төслүүд хэрэгжүүлж байна. Замын ажлыг Заг ХХК, Эсто ХХК, Уужим од ХХК гүйцэтгэж байна.
Хатуу хучилттай, хотын зэрэглэлийн авто замд ус зайлуулах иж бүрэн шийдэл зайлшгүй хэрэгтэй.
- Замын суурь, хучилтыг хамгаална – Усыг хурдан зайлуулж, суурийн нягтрал суларч, хөлдөх, гэсэх мөчлөгт эвдрэл үүсэхээс сэргийлдэг.
- Үер, усанд автахаас хамгаална – Хур борооны оргил урсцыг танк, тунгаагуур буюу тунадас агуулах, саатуулах байгууламжаар бууруулж, хотын инженерийн сүлжээ болон барилга байгууламжийг хамгаална.
- Тоосжилт, бохирдлыг бууруулна – Тунадасны сав, тос баригч, торон шүүр зэрэг нь тос тосолгооны бодис, тоос шороог зайлуулах, сүлжээнд орохоос сэргийлж, орчны бохирдлыг багасгана.
- Аюулгүй байдлыг сайжруулна – Гадаргууд ус тогтохгүй учир жолоодлогын аюулгүй байдал, тоормослолт, үзэгдэх орчин сайжирна.
Ханбогд сум хот болон тэлэх эхлэл тавигдаж буй.
Тиймээс цаашид хийх шугам сүлжээ, инженерийн дэд бүтэц, өргөтгөлүүд зэрэг ажлын суурийг бэлдэж сувагчлалын ажил хийсэн. Энэ нь ирээдүйд замаа байн байн эвдэж ухаад байх шаардлагагүй гэсэн үг.
Замыг яагаад стандартын дагуу барих ёстой вэ?
Иргэдэд:
- Аюулгүй, ая тухтай зорчих орчин – гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ олон улсын стандартын дагуу.
- Тоосжилт, шавар шалбааг огцом буурна – орчны эрүүл ахуй, хүүхдийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй.
- Явган болон дугуйн зам хамт – идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж, эрүүл хэв маяг төлөвшинө.
- Үер, усанд автахаас хамгаалагдсан – орон сууц, үйлчилгээний барилгуудын эрсдэл буурна.
Эдийн засагт:
- Логистикийн өртөг буурч, үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ.
- Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн өснө – чанартай зам, тохижилт нь хөрөнгө оруулалт татах том хүчин зүйл.
- Нийтийн тээвэр илүү найдвартай, цагийн хуваариар зорчих боломжтой.
Засаглал, удирдлагад:
- Замын хөдөлгөөний соёл, зохион байгуулалт сайжирна
- Инженерийн шугам сүлжээ, замын хөдөлгөөний ухаалаг системийг үе шаттай суурилуулах үндэс тавигдана.
Цаашдын төлөвлөгөө
- Сумын төвийн гол тэнхлэгүүдийг “хотын зэрэглэлийн” болон “дүүргийн гол зам” статустайгаар 14.6 км урттай барихаар төлөвлөсөн.
- 7.96 км дөрөв болон хоёр эгнээ бүхий автозам, тохижилт ашиглалтад орсон.
- 6.14 км автозамыг одоо барьж байна.
Сэтгэгдэл үлдээх