АН-ын зүгээс “УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан МАН-ын нэр бүхий улс төрчид ярьж байгаа учраас тухайн асуудлыг шүүхээр эцэслэн тогтоотол УИХ-ын чуулганыг ёс зүйн хувьд удирдах ёсгүй” хэмээх шийдвэрийг УИХ-ын даргад хаяглан хүргүүлэхээр болсон тухай мэдээлсэн.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан шаардлагатай холбоотойгоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдэгдлийг гаргажээ.
Тэрбээр “Ардын намын Бага хурлын гаргасан шийдвэртэй холбогдуулан Ардчилсан намын дарга мэдээлэл хийжээ. Улс төрийн намууд бие биеийнхээ дотоод асуудалд оролцох нь зохисгүй бөгөөд шүүх тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй Үндсэн хуулийн зарчимтайг Та мэдэх биз ээ.
Дашрамд миний бие өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагад аливаа асуудлаар шалгагдаагүй болно. Харин надтай холбоотой зохион байгуулалттайгаар тараасан гүтгэлгийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад шалгуулахаар хандсаныг үүгээр мэдэгдэж байна” хэмээжээ.
Сэтгэгдэл үлдээх