Бүрэн эрх нь дууссан УИХ-ын гишүүнд 12 сарын турш тэтгэмж олгохыг эсэргүүцсэн нийтийн өргөдлийг Байнгын хороодоор хэлэлцэнэ

.Graph
2025-10-30

Бүрэн эрх нь дууссан УИХ-ын гишүүнд 12 сарын турш тэтгэмж олгох тухай заалтыг УИХ-ын тухай хуульд оруулсан байдаг. Тэгвэл уг заалтыг хүчингүй болгохоор иргэн Ц.Батболдын нийтийн өргөдөл, гомдлын цахим системд санаачилсан өргөдөлд 100,467 иргэн гарын үсэг зурснаар Байнгын хорооны босгыг давлаа. 

Тодруулбал, УИХ-ын 41-р зүйлийн 41.9 дэх хэсэг буюу “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгуулах санал 100 мянган иргэний санал авсан тул УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваарилжээ. 

Байнгын хороод иргэний гаргасан өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэх юм. 

Эргэн сануулахад, уг хуулийн заалттай холбоотой олон нийтийн шүүмж 2025 оны 1 сард дэгдэж, талууд байр сууриа илэрхийлж байсан. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Энэ тэтгэмж бол надад маш их хэрэгтэй. Иргэд пүү паа гээд л байна. Би ч иргэдээ дагаад л “үгүй мөн муухай юм аа” гэж хэлж чадах л байх. Гэхдээ мань мэт шиг бизнесгүй улстөрчид үүн шиг тэнгэрийн умдаг атгаж байгаа юм шиг талхны мөнгөтэй байх явдал чухал” хэмээсэн.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Тэтгэмж өгөхийг эсэргүүцсэн хууль батлуулахаар гишүүд нэгдэж байх шиг байна. Би үүнийг тас эсэргүүцэж байгаа. Олигарх биш бидэн шиг гишүүдэд нийгмийн баталгаа хэцүү шүү дээ. Би бол дахин сонгогдохгүй бол тэтгэмж авна. Яагаад гэвэл би олигарх биш” хэмээн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлж байв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe