Баярын өдрүүдийг шилжүүлэн амрахаар боллоо

Ц.Чимэдцэеэ
2025-12-11

Чуулганы нэгдсэн хуралдаан 10.20 цаг эхэлсэн. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Эцсийн хэлэлцүүлгээр эцсийн найруулгыг сонсгон баталдаг.

Хуулийн төсөлд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Цагаан сар амралтын өдрүүдтэй давхацвал дараагийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амардаг зохицуулалтыг хуульчлахаар болов.

Үргэлжлүүлэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийв. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн:

  • Баруун бүсийн таван боомтоор улаанбуудай, гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг импортлох боломж бүрдэнэ
     
  • Гаалийн татвар 0 хувь болгох саналыг Засгийн газарт танилцуулна
     
  • Тэжээлийн хомсдол, хүнсний хангамжийн хүндрэлээс сэргийлэх зорилготой гэж тайлбарлав. Ийнхүү гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолыг эцэслэн батлав.

Үүний дараа Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны гишүүн орнуудын хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг эхлүүлэв.

Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

  • Монгол Улс 2024 онд 27.4 тэрбум ам.долларын бараа эргэлттэй ажилласан,
     
  • ОХУ-тай худалдаа 2.7 тэрбум ам.долларын алдагдалтай,
     
  • ЕАЭЗХ руу экспортлох бараанд 15–50 хувийн татвар, өндөр шалгуур тавигддаг нь боломжийг хязгаарлаж байна гэж танилцуулав.

Хэлэлцээрийн гол үр нөлөөг дараах байдлаар мэдээлсэн.

  • 367 нэр төрлийн бараанд тариф бууруулах, тэглэх, квотоор хөнгөлөх
     
  • ДНБ 0.02%, хөрөнгө оруулалт 2.57%, ЕАЭЗХ руу экспорт 24.1% өсөх боломжтой
     
  • Мах, ноос, нэхмэл, арьс шир зэрэг боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт 42–152% өсөх тооцоо гарсан
     
  • Гарал үүслийн гэрчилгээний шаардлагыг хөнгөрүүлэх, 4 цагийн дотор бараа олгох зэрэг нь бизнесийн орчныг сайжруулна.

Дээрх асуудлыг маргаашийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe