Ардчилсан нам дотор Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гэсэн дотоод уралдаан эхэлсэн бололтой. Тал талаас ч бэлтгэлдээ гарч эхэлжээ. Зарим нэг нь С.Баярцогтыг дэвшүүлэх талаар ярьж байгаа бол зарим хэсэг нь Н.Алтанхуягийг нэлээдгүй дэмжиж байх шиг. Ер нь бол яригдах, ярих цаг хугацаа нь болчихсон л доо. Ердөө жил хагас хүрэхгүй хугацааны дараа Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч хэн байх эсэх нь шийдэгдчихсэн байх юм чинь. МАН бол одоогоор Г.Занданшатарыг зүтгүүлж байгаа. Түүний байдал яаж ч өөрчлөгдөж мэдэх тухай өмнөх бичвэртээ бичиж байсан. https://graph.mn/news/4560
Харин хэзээнээс л дотоод ардчилал нэрээр фракцуудын хагарлаа нууж ирсэн Ардчилсан намын фракцуудын гар хөл Ерөнхийлөгчийн сонгуульд хөдөлж эхэлжээ. Өөрсдийгөө яриулаад байна уу гэлтэй зарим нэг хүмүүсийн нэр нь зухалзаад байх болж. Ерөнхийд нь харах юм бол одоогоор Ерөнхийлөгчийн сонгуульд насаараа ч тэр улс төрийн замналаараа ч тэр өрсөлдөх хэмжээний хүн цөөхөн. Оюутолгойн сонсголоор багахан эргэн ирэлт хийсэн С.Баярцогтыг олон дунд цэвэрхэн, мэдлэгтэй гэсэн дүрээр хардаг. Гэхдээ түүнийг сая ам.доллар дансандаа мартсанаас эхлээд дагаж явдаг хэд хэдэн балгууд бий. Түүний фракц ч хөдлөөд эхэлсэн. Харин нөгөө талд Н.Алтанхуяг хэзээний л өөрийгөө Ерөнхийлөгч байх хэмжээний хүн гэж төсөөлсөөр ирсэн. С.Баярцогтоос нэг давуу тал нь улс даяар фентэй. С.Баярцогт, Н.Алтанхуяг хоёр хөтлөлцөөд 21 аймаг тойрох юм бол Н.Алтанхуяг яалт ч үгүй илүү алга ташилт авна. Тийм ч учраас боломжтой хувилбараар яригдаж байна. Харин намаас нь төдийлөн дэмжиж өгөхгүй байгаа бололтой. Гэхдээ түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх ёстой хэмээн итгэл үнэмшилтэй явдаг хэсэг бүлэг хүмүүс ажлын төлөвлөгөөгөө гаргаад эхэлчихсэн гэсэн явган яриа ч гарч байна. Хүрээлж байгаа хүмүүс дунд нь авлига, албан тушаалын хэрэгтнүүд цөөхөн, өөрөө ч шударгын дүрд сайн тоглодог учраас олон хүн дэмждэг байх. Эцсийн дүгнэлт хийх хэцүү ч энэ хоёроос өөр дээрдэх кандитат гарч ирэхгүй л болов уу. Гарч ирсэн ч МАН-ын хоол болоод дуусна. Энэ хоёрын нэг дээр л тогтох болов уу даа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль их зүйлийг шийдэх учир ач холбогдлыг тултал нь өгч байгаа нь тодорхой. Эрх барьж байгаа нам ч амархан бууж өгөхгүй. Их л яриа явж байгаа биз ээ.
Өмнөх ба одоогийн дарга жагсаалтаас хасагдана...
Ардчилсан намын нэгдмэл байдлын билэг тэмдэг нь Л.Гантөмөр болж 2023 онд намын даргаар сонгогдсон. 2020 оны сонгуульдаа бүдэрч 11-хэн хүн парламентын босгыг давж байсан Ардчилсан намыг 2024 оны сонгуульд 42 суудалтай болгож хүний өөдөөс эгцэлж харах хэмжээний болгосон. Итгэл улам дэвэрч одоо л нэг гэж бодож байтал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт орсон нь унтрах эхлэл болов. Гэхдээ Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орсноор таван жил юу ч хийгээгүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг өөд нь татаж олон жилийн хүлээсийг тайлсан томоохон төслүүдийг урагшлуулсан нь маргаангүй үнэн юм. Хэрвээ хамтарсан засаг бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаад Ардчилсан намын сайд нар юу хийж чадахаа баталсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх дүр нь Л.Гантөмөр байх боломжтой байсан биз. Л.Гантөмөр лидер дүрээр хоромхон өнгөрөх үзэгдэл байж. Харин одоогийн дарга О.Цогтгэрэл жул гэхэд дэндүү жул байна. Хүлээстэй юм шиг хөдөлж чадахгүй суусаар. Ярих нь ихдэж үзүүлэх нь багадсаар намын дарга болоод удаа ч үгүй байх үедээ уналтын цэг рүү өнгийж эхэлсэн. Туг барьж урд гүйдэг лидер биш үйлдэл хийснийх нь дараа шүүмжилж суудаг дүр. Гэхдээ шүүмжлэхээс өөр ид шидгүй. Түүнийг дагаад намынх нь залуус ч яг тийм болон хувирч байна. Тэгнэ, ингэнэ, зогсооно, огцруулна. Яг бодитой үйлдэл хийсэн нэг ч улс төр байхгүй. Та бүгд эргүүлээд нэг хараад үзээрэй. Хий хоосон яриа эхлээд хүчийг дагуулдаг ч явцдаа цугларсаар өөр дээр нь буух цохилт болдог. Ард түмэн ирэх сонгуулиар Ардчилсан намыг нам шиг нам байж, хөдөлсөн шиг хөдлөөсэй хэмээн хүсэж байгаа. Өлбөгөр байж улс төрийн шоглоом зурагсдын нэг дүр нь байхыг хүсээгүй. Ийм учраас өнгөрсөн ба одоогийн дарга нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн эгнээнд орохгүй. Яригдах ч үгүй.
Бидон Д.Ганбат дундуур нь зүсэж орж ирдэг...
Ямар ч зүйл дээр өөрийн нэрээ дэвшүүлж байдаг ганц хүн Д.Ганбат. Дэндүү өөртөө итгэлтэй юм уу эсвэл тоглоод байдаг юм уу гэлтэй. Гэхдээ үзээд алдахад бас үгүй гэх учир үгүй. Орон нутагтаа багагүй фентэй улс төрч. Амьдралд ойрхон гэгддэг улс төрчдийн нэг. Яг л намын нөхөр Б.Пүрэвдоржтой ижил. Мань хоёр тойргийнхоо иргэддээ бидон тараана, дуу дуулж өгнө, яс чанаж өгнө гэх мэтчилэн аргагүй л амьдралтай ойрхон сурталчилгаа хийж явдаг. Б.Пүрэвдорж гэснээс мань хүний нас, туршлага Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд шаардлага хангаад байгаа ч намаас дэмжлэг дутаад байх шиг. Өөрөө ч үгүй гэдгээ илэрхийлж намын нөхдөө дэмжихээ илэрхийлсэн байна билээ. Д.Ганбат ч мөн намаас дэмжлэг дутах нь тодорхой. Тэгэхлээр Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар жагсаалтаас хасагдаж байна.
Сэтгэгдэл үлдээх