Прокурорын байгууллагаас Х.Булгантуяад хоёр удаа хязгаарлалт тогтоолгохоор шүүхэд ханджээ

Ц.Чимэдцэеэ
2026-01-28

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхээс УИХ-ын гишүүн Х.Булгантуяад хилийн хязгаарлалт тогтоожээ.

Өнгөрсөн оны 10 дугаар сарын 17-ны УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан 95 дугаар тогтоол болон УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье” гэсэн буруу томьёоллоор санал хураасан нь Үндсэн хууль зөрсөн хэмээн мөн сарын 22-ны Цэцийн Их суудлын хуралдаанаар дүгнэсэн.

Дээрх хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын П.Сайнзориг нарыг Тагнуулын ерөнхий газраас Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлд заасан "Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах" гэх гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж, яллагдагчаар татсан гэх мэдээлэл цацагдсан.

Тэгвэл Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх:

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Х.Булгантуяаг Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Х.Булгантуяад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Мөн сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Монгол Улсын хилээр гараад, буцаж ирээгүй байна гэх мэдээлэл гарсан. Харин тус гишүүн цахим хуудсаараа дамжуулан “оргон зайлсан” гэх мэдээллийг худал гүтгэлэг гэж няцаасан бөгөөд Монголдоо байгаа гэдгээ тайлбарлаад байсан юм.

Тэгвэл түүнд хамаарах хэрэг мөрдөн шалгах шатандаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe