МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг 2023 оноос хойш шалгаж байсан хэмээн АТГ-аас мэдээлсэн байдаг. Ийнхүү өнгөрсөн оны есдүгээр сарын 10-нд гэрт нь нэгжлэг хийж, 12-нд цагдан хорьсон.
Шүүхээс хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт танилцуулсан нотлох баримтууд, прокурор, өмгөөлөгч нарын гаргасан санал, тайлбар зэрэгтэй танилцаад, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналд дурдсан үндэслэл тогтоогдож байх тул хүлээн авч, дээрх байдлаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Үүнээс хойш есдүгээр сарын 17-нд Ц.Чулуунзагдын өмгөөлөгч Э.Туул, Б.Оюунбилэг, Ж.Эрхэмбаатар нараас тус шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч хянан хэлэлцээд, дээрх шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хэвээр үлдээсэн.
Цагдан хорих арга хэмжээ нь нэг сарын хугацаатай байх ба өнгөрсөн хугацаанд 3-4 удаа шүүхээс прокурорын саналаар сунгаж шийдвэрлэсэн байна.
Тэгвэл уг шүүх уржигдар дээрх арга хэмжээг хязгаарлалт тогтоох болгон өөрчилжээ. Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ нь яллагдагчийн очих, оршин суух, ажиллах, зорчих газар, тодорхой хүнтэй уулзахгүй, харилцахгүй байхыг тухайлан заадаг.
Нийслэлийн прокурорын газар түүнийг “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон”, “эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан билээ.
Дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн 18.6.1-т зааснаар зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх болон 21.1.1-т зааснаар хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай.
Зарим эх сурвалжид түүнийг “Админерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа БНХАУ-ын иргэн Х.Хасбаатарыг нас барсан хойно гарын үсэгтэй дардасыг нь хууль бусаар ашиглаж байсан байж болзошгүй хэмээсэн бий.
Мөн шүүхээс Ц.Чулуунзагдын төрсөн ах “Админерал” ХХК-ийн Дэд захиарал Ц.Ламжавыг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 27-нд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр прокурорын саналыг хүлээн авч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Тэгвэл мөн энэ сарын 8-нд дээрх арга хэмжээ авах тухай саналыг шүүх хүлээн авсан ба өнөөдрийн байдлаар үргэлжлүүлэн хоригдож байна.
Ц.Ламжавыг ямар зүйл ангиар ийнхүү яллагдагчаар татсан тухай хуулийн байгууллагууд ил болгоогүй ч Тавантолгойн бүлэг ордын нүүрс борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар шалгагдаж байгаа хэмээн зарим эх сурвалж дурдсан.
Админерал ХХК-тай холбогдон яллагдагчаар татагдсан бас нэг хүн бол УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан.
Түүнийг Эрүүгийн хуульд заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн гурван гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.
Тэгвэл шүүхэд түүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдах таслан сэргийлэх арга хэмжээний саналыг Прокурорын байгууллагаас ирүүлээгүй байна.
Сэтгэгдэл үлдээх