УИХ-ын гишүүн “илүү” жишгийг халах төсөл

Ц.Чимэдцэеэ
2026-04-07

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан УИХ-ийн гишүүдийн ёс зүй, тэднийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо(ТББХ) өнөөдөр 15.00 цагаас хэлэлцлээ.

Хуралдаанд оролцсон 14 гишүүн буюу 66.7 хувиар дэмжив.

126 гишүүүнтэй парламентын танхимд Үндсэн хууль зөрчсөн нэг, шүүхээс  ял авсан нэг, гэмт хэрэгт холбогдон шалгуулахаар болсон, ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан хэд хэдэн гишүүн бий.

Энгийн иргэн, төрийн албан хаагч дээрх гишүүдтэй адил алдаа гаргасан бол ялаа эдэлж, ажлаасаа халагдаж, торгуульж, ямар нэг байдлаар хариуцлага хүлээдэг.

Гэтэл УИХ-ийн гишүүн тул “илүү” эрх эдэлж, буруу жишиг тогтож байгаа нь хуулийн хийдэлтэй холбоотой. Уг хийдлийг арилгах шаардлага байгаа.

Тэгвэл Ерөнхийлөгчийн Монгол Улсын Их хурлын тухай хуульд оруулах гэж буй өөрчлөлтийг одоогийн парламентаас эгүүлэн татагдаж болзошгүй гишүүдтэй холбогдуулан тайлбарлая.

Дэд дарга асан Х.Булгантуяа

УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа нь 2025 оны 10 дугаар сарын 16, 17-нд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай чуулганы хуралдаан даргалах үеэрээ Үндсэн хуулийн 1.2 болон 43.1 дэх заалтыг тус тус зөрчсөн хэмээн ҮХЦ дүгнэсэн.

Улмаар Үндсэн хуулийн 29.З-т заасан “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” хэмээх заалт биелэгдэх эсэхэд маргаан үүсээд байсан билээ.

Учир нь үндэслэл болно гэсэн ч ямар баримт бичгийг хэн үйлдэж, хэн хүлээн авч, хэрхэн эгүүлэн татах вэ гэдэг процессын асуудал тодорхойгүй байсан юм.

Тэгвэл Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд дээрх асуудалтай холбоотой нэг нэмэлт заалт, нэг өөрчлөлт тусгагджээ.

Нэмэгдсэн заалт:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулсан

Одоогийн зохицуулалт:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;

Хуулийн төсөлд:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй байна гэж дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулсан

Ингэхдээ 

  • Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан;
  • Ард түмний элчийн хувьд гишүүн нь төлөөлөх чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй;
  • Гишүүн нь хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлээгүй буюу Улсын Их Хурлын ээлжит чуулганы санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй;
  • Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн

Дээрх дөрвөн асуудлаар иргэний гомдлыг үндэслэн Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо урьдчилан хянан үзэж, үндэслэл бүхий хэмээн үзвэл дэд хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, илээр санал хураан Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар дэмжсэн бол хүсэлт гаргаснаар Цэц дүгнэлт гаргахаар байна.

М.Нарантуяа-Нара

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн асуудлаар 48 гомдол ирсэн хэмээн өнөөдөр УИХ дахь Ёс зүйн дэд хороо хуралдах байсан ч ирц нь хүрээгүй. Тус гишүүний ёс зүйгүй хэмээн үзэж болохуйц хэд хэдэн үйлдийг манай редакц мэдээлж байсан.

Тэгвэл Ерөнхийлөгчийн өргөн барьсан энэхүү хуулийн төсөл ч мөн Цагаан сарын дараа уг гишүүний гэрт хулгай орсон талаар олон нийтэд зарлах үеэрээ цахим сүлжээнд ёс бус үг ашиглаж, зарим иргэдийг доромжисон сенсацаас залгаж танилцуулагдаж байсан юм.

Зарим иргэд М.Нарантуяа-Нара гишүүний асуудлыг нэг тийш болгох нь, эгүүлэн татах ёстой хэмээн үзэл бодлоо илэрхийлээд авсан ч удаатай билээ.

Тэгвэл хуулийн төсөлд “жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага эсхүл эвслийг төлөөлөх байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээр уламжлан өргөн мэдүүлж, уг саналыг Улсын Их Хурал нээлттэй хэлэлцэн, илээр санал хураан гишүүний олонх дэмжсэн” мөн эгүүлэн татаж, дээрхтэй адилаар тогтоол баталсанд тооцох юм байна.

Дав.Цогтбаатар

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарт Хөгжлийн банкны гэх хэргээр Дээд шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон ч ажлаа хийсээр байгаа.

Үндсэн хуулийн 29.3-т гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол эгүүлэн татах үндэслэл болох тухай заасан ч Х.Булгантуяа гишүүний адилаар процесс тодорхойгүй байсан.

Тэгвэл хуулийн төсөлд гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоосон шүүхийн шийдвэр болж, УИХ-ын даргад хүргүүлсэн бол гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болохоор байна.

Ингэхдээ 

“Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор тухайн шүүгч Улсын дээд шүүхээр уламжлан шүүхийн шийдвэрийг Улсын Их Хурлын даргад хүргүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” хэмээн дагах хуульд тодорхойлжээ.

Дээрх зохицуулалтууд тус тус гишүүнийг орон гарсан гэж үзэж эгүүлэн татах тухай тогтоол баталсанд тооцогдох юм.

УИХ-ын гишүүд юу гэв

ТББХ-ны хэлэлцүүлэгт гишүүд ёс зүйг хуульчилж болох эсэх асуудлаар ширүүн маргаан өрнөлөө.  Хууль санаачлагчийн зүгээс процессыг л тодорхой болгож байгаа ба ёс зүйн асуудлыг хэрхэн тодорхойлох нь УИХ-ын бүрэн эрх хэвээрээ байгаа хэмээн тайлбарлаж байлаа.

Мөн жагсаалтын гишүүдийг эгүүлэн татах талаар тухайн нам санал болгох болсон нь парламентын ардчиллыг үгүй хийх, үзэмжээр хандах асуудал үүсэх эрсдэлтэй хэмээж байлаа.

Сэтгүүлчийн дүгнэлт

Үндсэн хууль амилах, биелэгдэх нь зайлшгүй.

Тэр дундаа дээр дурдсан 29.3 дахь заалт бол УИХ-ын гишүүд бүхий л тохиолдолд бүрэн эрх дархаар хамгаалагдаж, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн зарчим алдагдаж буй өнөөгийн нөхцөлд нэн даруй хэрэгжих учиртай.

Ийнхүү хууль санаачлах эрхтэй гурван субъектээс хамгийн тохиромжтой нь Ерөнхийлөгч. Учир нь аль хэдийн УИХ өөрөө гишүүдээ хамгаалдаг, хариуцлага тооцохгүй байгаа жишиг тогтсон. Засгийн газрын хувьд ажлаа тайлагнадаг бүтцийнхээ бүрэн эрхийг дуусгавар болгох асуудлаар хууль санаачлах нь зохисгүй.

Хуульчдын дунд УИХ-ын тухай хуульд байгаа “Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн санаачлах” гэсэн заалттай холбоотойгоор маргаан үүссэн. Үүнийг хууль санаачлагчийн зүгээс УИХ-ын гишүүний хариуцлагын асуудал болохоос үйл ажиллагаа, дэгтэй холбоогүй хэмээн тайлбарлаж байна.

Эцэст нь УИХ-ын өдий хүртэл эс үйлдэхүйгээр даамжруулсан хариуцлагын асуудал яригдах нь зөв. Ерөнхийлөгч санаачилсан нь ч цагаа олсон. Харин дотор нь байгаа эрсдэлтэй, нарийвчлан хэлэлцэх шаардлагатай зохицуулалтыг хэрхэх нь парламентын бүрэн эрх билээ.

Сэтгэгдэл үлдээх

hnfgjmgmghj gjh ufvh dsjfvkdjfvlsj vjsdfv

v fgbdf fgbfg fgh

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe