Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 4 төсөл

Ц.Чимэдцэеэ
2026-05-12

126 гишүүнтэй парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэх болсноос хойш тэдний өөрсдийнх нь эрх зүйн байдлыг тогтоосон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багагүй санаачилгууд гарсан. Энэ дундаас хэлэлцээгүй үлдсэн төслүүдийг танилцуулъя.

 Х.Тэмүүжин нарын өргөн барьсан "УИХ-ын дарга нам бус байх" төсөл

Өргөн барьсан огноо: 2025.11.20

Хууль санаачлагч: УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тэргүүтэй 17 гишүүн

Гол агуулга:

  • Парламентын спикер төвч, голч байр сууринаас парламентын хуралдааныг удирдах нь парламентын ардчилал, парламентын дархлааны салшгүй гол зарчим болсон гэж үзэн, УИХ-ын даргын давхар ажил эрхлэхтэй холбоотой хязгаарлалтыг тодорхой болгох.
  • Хуулийн төсөл гурван зүйлтэй: 1 дүгээр зүйл нь УИХ-ын даргыг сонгох гэсэн 11 дүгээр зүйлийг өөрчлөн найруулсан, 2 дугаар зүйл нь 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсгийг хүчингүй болгох агуулгатай.
  • "УИХ-ын дарга нам бус байх" гэсэн утга бүхий заалт оруулсан.

Явц: Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Гишүүнийг эгүүлэн татах" төсөл

Өргөн барьсан огноо: 2026.03.09

Хууль санаачлагч: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. 

Гол агуулга:

УИХ-ын гишүүнийг дараах үндэслэлээр эгүүлэн татах:

  • Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан
  • Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн
  • Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон 
  • Хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 50 хувиас дээш тасалсан 

Процедур: УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах гэх мэт асуудлыг багтаасан.

Явц: Санал хураалтад оролцсон 101 гишүүний 57 нь буюу 56.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Б.Батбаатарын санаачилсан "Жагсаалтын гишүүдийг нам нь эгүүлэн татах" төсөл

Өргөн барьсан огноо: 2026.05.05

Хууль санаачлагч: УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар

Гол агуулга:

  • УИХ-ын тухай хуулийн 9 дүгээр зүйлд "9.1.7. УИХ-д суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргасан" гэсэн зүйл нэмэх.
  • Уг төсөлтэй хамт Улс төрийн намын тухай хуулийн 7 дугаар зүйлд нэмэлт оруулах, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлд өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан.
  • Зорилго нь намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй, ёс зүйн зөрчил гаргасан жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах нөхцлийг бүрдүүлэх.

Явц: Хуулийн төсөлд олон нийтийн санал авахаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд албан бичиг хүргүүлж, хаврын чуулганаар өргөн мэдүүлэхээр болсон.

М.Нарантуяа-Нарагийн санаачилсан "Ард түмэн гишүүнээ эгүүлэн татах" төсөл

Өргөн барьсан огноо: 2026.05.12

Хууль санаачлагч: УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара (ИЗНН-аас жагсаалтаар сонгогдсон).

Гол агуулга, зорилго:

  • "УИХ-ыг ард түмэн сонгодог учир ард түмэн буцаагаад эгүүлэн татдаг байх ёстой" гэсэн байр сууринаас санаачилсан.
  • Өнгөрсөн намрын чуулганаар санаачилж, хаврын чуулганаар өргөн мэдүүлэхээр бэлдсэн.

Ерөнхийлөгчийн ёс зүйн алдаа гаргасан гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл болон ИЗНН-ын дарга Б.Батбаатарын өргөн барьсан төсөлтэй давхацсан агуулгатай байна.

Адил агуулгыг чиглэсэн өөр төслүүд

Дээрх дөрвөн төслөөс гурав нь "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" агуулгатай, нэг нь УИХ-ын даргын улс төрийн бус байр суурийг хангах агуулгатай байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд "Нэг асуудлаар 2 ба түүнээс дээш хуулийн төсөл өргөн мэдүүлсэн бөгөөд хууль анаачлагчид нь нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн бол Байнгын хороо тэдгээрийг анхны хэлэлцүүлгийн шатанд нэгтгэн 1 төсөл болгож Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамтаар, хэрэв ийнхүү нэгтгэхийг зөвшөөрөөгүй бол тус тусад нь санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ" хэмээн заасан байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe