Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар Д.Мөнхзоригийг томилжээ

.Graph
2026-08-31

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулгын бүрэн эрх өнөөдрөөр дуусгавар болж байна.

Түүний оронд Д.Мөнхзоригийг томилжээ.

Д.Мөнхзориг 1980 онд Арвайхээр хотод төрсөн. ШУТИС-ийн КТМС-ийг Компьютерийн техник хангамжийн инженер, Удирдлагын академыг Төрийн захиргааны менежер мэргэжлээр тус тус дүүргэсэн. Эрх зүйч мэргэжлийг Түшээ дээд сургуульд эзэмшсэн ба мөн мэргэжлээр тус сургуульд зэргээ ахиулан магистр хамгаалсан байна.

2022 оноос хойш өнөөг хүртэл Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны даргаар ажиллаж байв.

Мөн энэ оны долоодугаар сараас хойш Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн бөгөөд давхар албан тушаал хашихаар боллоо.

Өмнөх ажлын албаны дарга Б.Эрдэнэтулгын зүгээс удирдах арга барил хангалтгүй, ажилтнуудад дарамт, хүчирхийллийн шинжтэй үйлдэл үзүүлж байсан талаар Хүний эрхийн үндэсний комисс танилцуулж байсан.

Түүнчлэн ажлын байрны бэлгийн дарамтаас үүдэлтэй байж болзошгүйгээр албан хаагч Ч.Ханддуламыг тушаал бууруулж, цаашлаад ажлаас нь халсан.

Уг асуудал өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш шүүхээр хэлэлцүүлж, өнгөрөгч сарын 7-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хууль бус болохыг тогтоон шийдсэн.

Ийнхүү 2024 оны хоёрдугаар сарын 8-нд томилогдож байсан Б.Эрдэнэтулгыг чөлөөлөв.

Шүүхийн тухай хуульд зааснаар Гүйцэтгэх нарийн бичгийн дарга ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангах үүрэгтэй. Хууль зүйн дээд боловсролтой, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, сүүлийн таван жилд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэн байх шаардлага хангах учиртай.

Түүнийг Ерөнхий зөвлөлийн даргын санал болгосноор Ерөнхий зөвлөл томилж, чөлөөлнө.

Сэтгэгдэл үлдээх

Ажлаа өгч байгаа дарга нь хэрэгээ нуусан гэж яриа байсан иүүниыг ил гаргахгүй юм уу

Зочин

Дэмжих үү?

1 0
Newsletter Subscribe